Covid-19

Испани дараагийн Итали болж нэг хоногт 821 хүн нас барлаа

Нийтэлсэн

Шинэ төрлийн коронавирусийн халдвараар сүүлийн 24 цагийн хугацаанд хамгийн их хүн нас барсан улс Испани болж Италийн түүхийг давтаж эхэллээ. Тус улсад нэг хоногийн дотор 821 хүн коронавирусийн улмаас нас барсан нь тус улсад тахал бүртгэгдсэнээс хойш хамгийн олон хүнээ алдсан алдсан өдөр боллоо. Ингэснээр Испанид нийт нас баралтын тоо 6,803 хүрсэн бол халдварын авсан хүний тоо 80,110 хүрсэн байна. Ийнхүү нас баралт өндөр байгаа учир шарил тээвэрлэхэд зэвсэгт хүчнийхнийг дайчлах болсноо Испанийн Эрүүл мэндийн яам өчигдөр /2020.03.29/ мэдэгджээ. Түүнчлэн хөл хорионы дэглэмийг дөрөвдүгээр сарын 11 хүртэл сунгасан байна. Нийт нас барагсдын тал хувь нь нийслэл Мадрид хотод бүртгэгджээ.

АНУ-д “Covid-19″ өвчнөөр нас барсан хүний тоо 2484 болж, халдварын тохиолдол 142 мянга даваад байгаа нь дэлхийд халдварын тоогоор тэргүүлсэн хэвээр байна. Тус улсад халдвар авагсдын тоо хэдэн саяар тоологдож, нас барагсдын тоо 200 мянга давж магадгүй гэж коронавирусийн халдвартай тэмцэхэд Ерөнхийлөгч Трампын ажлын албыг ахалж буй АНУ-ын Халдварт өвчин судлалын институтын доктор Энтони Фаучи таамаглажээ. Нийт нас барсан хүний 30 гаруй хувь нь Нью-Йорк мужид бүртгэгдээд байгаа ба Ерөнхийлөгч Дональд Трамп хөл хориог дөрөвдүгээр сарын 30 хүртэл дахин нэг сараар сунгалаа.

Дэлхий дахинд шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол 721,903 болж, нас барсан хүний тоо 33,966 болсон бол 151,312 хүн эдгэрчээ. Халдвар анх дэлгэрсэн Хятад улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд нэг ч шинэ халдвар нэмж бүртгэгдээгүй байна. АНУ, Итали, Испаниас гадна Герман, Франц, Иран, Их Британи, Швейцар зэрэг улс орнуудад халдвар эрчимтэй тархаж, хоногт мянга мянган хүн шинээр халдвар авсан нь батлагдаж байна.

Exit mobile version