Улаанбаатар

Баар, фитнес, соёл урлагийн газрын хөл хориог сунгалаа

Нийтэлсэн

Нийслэлийн онцгой комиссоос гаргасан шийдвэрийг Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан танилцуулж байна. Тэрбээр хэлсэн үгэндээ, стандартад нийцсэн фитнес, саун, соёл урлагийн газарт 2-3 хүн цуглаж болох юм гэж тооцоолж, мэргэжлийн байгууллагуудтайгаа зөвлөлдөж, нээхээр төлөвлөж байсан боловч коронавирусийн тархалтын хоёр дахь үе шат Европоос Ази руу орж ирж байгаа тул бид өмнө нь гаргасан хөл хорионы шийдвэрээ дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжлүүлнэ.

Тухайлбал, олон нийт цуглаж болох газар, фитнес, спорт зал, сургалтын төв, саун, амралт, баар, цэнгээний газар, сүм хийд, соёл урлагийн газрын үйл ажиллагаанд тавьсан хөл хориогоо дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгаж байгаа аж.

АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙГ ЖИЛ БҮР ХИЙНЭ

Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан: Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг стандартад нийцсэн бодисоор хийж байна. Энэ долоо хоногт 2 дахь шатны ариутгал халдваргүйжүүлэлтийг хийнэ. Улаанбаатар хотод байгаа бүхий л техник тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Иргэд аж ахуй нэгжүүд ойр орчмын газартаа өөрсдөө ариутгал халдваргүйжүүлэлтээ хийх хэрэгтэй байна. Бүх зүйлийг хотоос хийх боломжгүй. Өмнө нь энэ мэтчилэн ариутгал халдваргүйжүүлэлтийг ажлыг Улаанбаатар хотод хийж байгаагүй. Иймээс цаашид жил бүр тэртусмаа хаврын цагт ариутгал халдваргүйжүүлэлтийг өргөн хүрээнд хийнэ.

Exit mobile version