Нийгэм

ШУА захирлуудын зөвлөлийн хурлаа онлайнаар хийлээ

Нийтэлсэн

Шинжлэх ухааны академи захирлуудын зөвлөлийн хурлаа өнөөдөр онлайнаар хийлээ. Хурлыг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл удирдан явуулж  ШУА-ийн харьяа 13 хүрээлэнгийн захирлууд хөл хорионы үед зайнаас хэрхэн ажиллаж буйгаа тайлагнаж, санал бодлоо солилцжээ.

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Короновирусийн улмаас олон үйл явдалд өөрчлөлт орж,  дэлхий даяар шинэ дэглэм рүү шилжиж байгааг том гүрний удирдлагууд яриад эхэллээ. Манай засгийн газраас цаг алдалгүй оновчтой арга хэмжээ авсны үр дүнд өнөөгийн байдлаар Монгол улс дотооддоо голомтлон гарсан халдваргүй байна.

Энэ нь мэдээж хэрэг Монголын ард түмний ухамсар, Засгийн газрын бодлогоо дэмжиж ажилласны үр дүн юм. Энэ байдлыг цааш нь удаан хадгалж дэлхий даяараа коронавирусийн тархцын оргил үеийг давж гарах цаг үе бидэнд тулгараад байгаа юм. Тиймээс юуны өмнө Засгийн газраас өгч байгаа чиглэлийг байгууллага бүр баримтлан ажиллах нь чухал байна” гэлээ. Мөн хөл хорионы  үед хэрхэн үр бүтээлттэй ажиллаж болох талаар зөвлөмж мэдээлэл  өгчээ.
Үүнд:  

  • Зөвхөн  0-12 насны хүүхэдтэй эхчүүд гэлтгүй  албан газарт хүмүүс олноор цуглуулж ажиллахаас урьдчилан сэргийлж цахимаар ажиллах хүмүүсийнхээ жагсаалтыг дахин нягталж  боломжтой хүмүүсийн тоог нэмэгдүүлэх.  Хүрээлэн тус бүр өөрийн онцлогт тохируулан цахимаар  хийх ажлаа тодорхойлж гаргах.
  • Хөл хориотой холбогдуулан ШУА-ийн 2020 оны эхний “Их чуулган”-аас эхлээд  гадаад, дотоод  олон төлөвлөгөөт  ажил хойшилж байна. Тиймээс хуулийн хүрээнд хойшилж байгаа ажлуудаа дахин нягталж төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулан түрүүлж хийх боломжтой ажлуудаа нааш татан цаг алдалгүй хийх.
  • Төлөвлөгөөнд тусгагдсан олон улсын томоохон хурлыг 3 эсвэл 4-р улиралд болгон хойшлуулах
  • Судалгааны ажил  тасралтгүй  явах ёстой. Тиймээс лабораторид  хийдэг ажлын тоо чанарыг  бууруулахгүйн тулд лабораторидоо тогтмол ажиллаж байгаа судлаачдынхаа ажилд зохицуулалт хийх, болж өгвөл цалин шагналаар урамшуулах ажлыг зохион байгуулах.
  • ШУА-ийн хүрээлэнгүүдээс эрхлэн гаргадаг сэтгүүлүүдийн чанарыг сайжруулах.  БСШУСЯ-наас санхүүжүүлдэг  мэдээллийн том сангуудын /“Springer”, “Nature”/ ашиглалтыг нэмэгдүүлэх, мэдээллийн баазуудын ашиглалтыг өргөжүүлэхийг үүрэг болгосон байна.

Хүрээлэнгийн захирлуудын өгсөн мэдээллээр тус тусын хариуцсан салбарын ажил цахим хэлбэрт шилжин хэвийн явагдаж байна. Хөл хорионы үеийн хууль дүрмээр ажиллаж байгаа ч лабораторид зайлшгүй ажиллах шаардлагатай хүмүүсийг богиносгосон цагаар ээлжээр ажиллуулж буй юм. Эрдэм шинжилгээний ажилтнуудын хувьд хээрийн судалгааны ажил болон гадаад хамтын ажиллагааны ажлууд хойшлогдож байгаа нь нийтлэг хүндрэл болсныг хүрээлэнгүүдийн захирлууд хэлжээ.

Exit mobile version