Эрүүл мэнд

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.БУЯНЖАРГАЛ

Нийтэлсэн

Өнөөдрийн байдлаар 2310 иргэн тусгаарлагдаад байна. Эдгэрсэн хоёр иргэнийг тусгаарлах байранд шилжүүлэн, ажиглалтад авч байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байна. Эрүүл мэндийн байгууллагаас хамгаалах хувцас хэрэгслийг хэрхэн хэрэглэх талаар зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй тогтмол цахимаар харилцаж байна. Тусгаарлах байранд 43 жирэмсэн эмэгтэй, 5 хүртэлх насны 56 хүүхэд, гэмтэл авсан долоон хүн зэрэг хүмүүс байна. Эдгээр хүмүүст тусламж үзүүлж байна. Иргэд өрөө жижигхэн байна, нохойны хоол өгч байна, ХӨСҮТ-д хэвтэхгүй, Өргөө амаржих газарт хэвтмээр байна гэдэг шаардлага тавьж байна. Эмчийн өөдөөс жимсний чанамалтай талхаа шидэж, мөөгтэй хуурга идэхгүй гэж уйлж, хоорондоо зодолдож байна.

Коронавирус бол цар тахал гэдгийг ойлгох хэрэгтэй. Таван одтой зочид буудалд иргэдээ тусгаарлаж байгаа улс цөөхөн. Иргэдээ гаднын улсаас татаж байгаа улс цөөхөн. Эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэн Монгол Улсаас өөр улсад байхгүй. Иргэд хариуцлагатай байх ёстой. Тусламж үзүүлж байгаа эмч нар бол дэлхийд урилгаар очдог, энхийг сахиулахад Монгол Улсыг ахалж байсан ахмад хурандаа нар юм. Иргэд авираа тат. Хэн нэгнийг уурлаж, уйлахаар тусгаарлах байрны хугацааг богиносгодоггүй юм. Тусгаарлагдаж байгаа бол үүргээ биелүүл. Хэрэв та шийдвэрээ гаргаж онгоцоор ирж байгаа бол үүргээ биелүүл.

Exit mobile version