Улс төр

Тавдугаар сарын 25-нд юу болох вэ

Нийтэлсэн

Коронавирус хэмээх тахал дэлхийг эзэллээ. Тиймээс дэлхийн бүх улс энэ тахлаас эрсдэл багатай гарах арга бүрийг хайж байна.

Токиогийн олимп цагаа зогсоож, бамбараа унтраав. Үүнтэй зэрэгцээд Монголд хоёр сар гаруйн дараа товлогдоод байгаа УИХ-ын ээлжит сонгуулийг хэрхэх вэ гэдэг асуудал ч босч ирлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 25-ны лхагва гаригт ард түмэндээ хандаж уриалга гаргав. Уриалгад “нэн түрүүнд авах арга хэмжээнүүд” хэмээгээд, түүнийхээ хоёрдугаарт “…Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх шаардлагатай” гэлээ.

Ерөнхий сайд Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг тавдугаар сарын 25-аас өмнө УИХ-д оруулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн

Энэ “мессеж”-ийг эрх баригчдаас бусад нь дэмжихээр болж ирсэн. Мөн зарим хуульч 2020 оны тавдугаар сарын 25-аас эхлэн мөрдөгдөх Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орно. Ерөнхий сайд Засгийн газрын кабинетын гишүүдээ УИХ-д танилцуулж, тангараг өргөнө. Ерөнхий сайд Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг тавдугаар сарын 25-аас өмнө УИХ-д оруулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн Засгийн газар одоогийнхоороо ажиллах боломжгүй болчихсон гэв.

Гэвч нөгөөдөр нь гуравдугаар сарын 27-ны баасан гаригт Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөрвөн сайдаа дагуулж гарч ирээд мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн зургаан сарын хугацаанд хувийн аж ахуйн нэгж, компаниуд болон хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийг НДШ-ээс чөлөөлөх, ажилтан, албан хаагчдын цалин, хөлст ХАОАТ ногдуулахгүй байх, албан татвар ногдох орлогын дүн нь өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага албан татвар төлөгчдийг ААН-ийн ОАТ-аас чөлөөлөх, ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгох, ноолуур худалдан авагч, бэлтгэгчдэд гурван хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээл олгох, хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд 10.000 төгрөгөөр нэмэгдүүлж олгох, бензин, шатахууныг литр тутамд 300, түүнээс дээш төгрөгөөр бууруулах арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлнэ гэв.

Ерөнхий сайдын танхимаараа шахам гарч ирэх болсон гол шалтгаан түүний үгийн төгсгөл хавьд “гарч ирсэн” юм. Тэрээр “…Сонгууль хойшлохгүй, Засгийн газар огцрохгүй” гэж мэдэгдлээ

Ерөнхий сайдын ярьсан эдийн засгийн талаар авах эдгээр арга хэмжээнүүд мэдээж хэрэг олон нийтэд таалагдлаа. Гэхдээ цаг хугацаа, үүсч тулгарсан нөхцөл байдлын хувьд ингэхээс аргагүйд хүрсэн байв. Харин Ерөнхий сайдын танхимаараа шахам гарч ирэх болсон гол шалтгаан түүний үгийн төгсгөл хавьд “гарч ирсэн” юм. Тэрээр “…Сонгууль хойшлохгүй, Засгийн газар огцрохгүй” гэж мэдэгдлээ.

Ерөнхий сайдын энэ мэдэгдэл Төрийн зарим институцийн санаачилга, хуульчдын тайлбарт “цохилт” өгөх зорилготой байсан нь ойлгомжтой. Түүндээ бага ч болов хүрэв.

Гэвч Үндсэн хуулийг нам дардаг мэдэгдэл гэж юу байх билээ дээ. Цагаан дээр хараар бичсэн гэж бид ярьдаг. Яг тийм хууль 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд Ерөнхий сайдын даргалдаг намын голдуу гишүүдийн саналаар батлагдсан. Тэдний баталж дархалсан Үндсэн хуулийн 19 зүйл, 30 гаруй хэсэгт орсон өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-нд хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн баталсан өдөр эрх баригч намын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг ч баталсан юм. Энэхүү хуулийн 1 дүгээр зүйлд “…Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг УИХ-аас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана” гэсэн. Мөн хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хууль Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэгэн адил хүчинтэй” гэжээ. Энэ хуулийн дагуу 2020 оны нэгдүгээр сарын 9-нд УИХ-аас “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолын хавсралтад нь “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-ийг гаргаж, баталсан байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газар тэр чигээрээ “давхар дээл”-тэй гишүүдээс бүрдсэн. Гэтэл 2020 оны тавдугаар сарын 25-аас Ерөнхий сайдаас гадна дөрвөн гишүүн л давхар дээлтэй байх боломжтой

Тиймээс 2020 оны хаврын чуулган дөрөвдүгээр сарын 6-нд эхлэнгүүт Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж батлах ёстой. Араас нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж батлах учиртай. Хэрэв үүнийг коронавирусын тархацтай холбож, “…Хэлэлцэхгүй” гэвэл дээр дурсан 1 дүгээр зүйлд заасан “… холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө” гэснийг барьж таарна. Гэвч хууль батлах асуудал УИХ-ын хэнтэй ч үл хуваалцах бүрэн эрхийн, бас үүргийн асуудал юм.

Нэг үгээр хэлбэл, УИХ маш богино хугацаанд шуурхай ажиллах хэрэгтэй.

Учир нь У.Хүрэлсүхийн Засгийн газар тэр чигээрээ “давхар дээл”-тэй гишүүдээс бүрдсэн. Гэтэл 2020 оны тавдугаар сарын 25-аас Ерөнхий сайдаас гадна дөрвөн гишүүн л давхар дээлтэй байх боломжтой. Энэ бол Үндсэн хуулийн зарчим учраас хэрэгжих л ёстой. Засгийн газар огцрох тухай биш, Үндсэн хуулийн дагуу яаж эмхлэн байгуулж оруулж ирэх вэ гэдгээ Ерөнхий сайд тодорхой хэлсэнгүй. Угтаа бол засаг огцрохгүй гэх биш, одоо байгаагаараа орно гэдэг юм уу, эсвэл хуулийн дагуу ингэнэ гэдэг тодорхой хариултыг л олон түмэн нэхээд байгаа билээ.

Хэрэв дээрх байдлаар Үндсэн хуулийг зөрчвөл Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ Үндсэн хуулийн бус болно. Ингэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “…Засгийн газар огцрохгүй” гэдэг мэдэгдэл Үндсэн хуулиар үгүйсгэгдэж байна.

Харин УИХ-ын ээлжит сонгууль хойшлох уу. Аль эсвэл Ерөнхий сайдын хэлсэнчлэн болдгоороо болох уу. 1992 онд баталсан Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “…Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл байдал арилж, шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Одоо ч байна.

Угтаа энэ бол Үндсэн хуулийн үндсэн зарчмуудын нэг. Ингэж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдэгдлийн хоёр дахь “өгүүлбэр” буюу “…Сонгууль хойшлохгүй” гэсэн нь мөн л Үндсэн хуульд цохиулж байна.

Дээрээ хөх тэнгэрээс өөр даргагүй Үндсэн хуульд зааснаар 2020 оны тавдугаар сарын 25-наас наана хуулиа батлахгүй бол Засгийн газар задарч юм уу, огцорч таарахаар болж байна

Ер нь бол коронавирус тахлын цар хүрээ ийм хэмжээтэй, аюул нь энэ хэрийн байхад УИХ-ын сонгууль явуулж ард иргэдээ эрсдэлд оруулах уу, үгүй юу гэдгийг Монголын төр эх орончоор шийдэх ёстой. Хэдэн хүний албан тушаалтайгаа үлдэх эрх ашгийн сонирхол үүнд нөлөөлөх учиргүй.

Нөгөөтэйгүүр дэлхийг нөмөрсөн цар тахлын энэ хүнд нөхцөл байдалд ч УИХ тасралтгүй ажиллах боломжоор хангагдчихсан. Ийм байтал Үндсэн хуулиар нэхэгдсэн хуулиудыг батлалгүй хэсэг хугацаанд албан тушаалтайгаа үлдэх сонирхол энд мөн үйлчлэх ёсгүй.

Маш товчоор хэлэхэд, дээрээ хөх тэнгэрээс өөр даргагүй Үндсэн хуульд зааснаар 2020 оны тавдугаар сарын 25-наас наана хуулиа батлахгүй бол Засгийн газар задарч юм уу, огцорч таарахаар болж байна. Бас бүх ард түмний эрх ашгийн үүднээс УИХ-ын сонгууль тодорхой хугацаагаар хойшлох учиртайг Үндсэн хуульд тов тодорхой заажээ.

Б.Дамдин-Очир

Exit mobile version