Эрүүл мэнд
Я.Буянжаргал: Иргэдээс өрөө жижигхэн байна, нохойн хоол өглөө гэсэн гомдол их ирж байна
Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн нийт 204 улсад тархсан бөгөөд АНУ, Испани, Гермаг, Итали, Франц зэрэг улсад голомтлон тархаж, халдварын тоо буурахгүй байгааг онцолсон юм.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Энэ сарын 30-ны өдрийн ДЭМБ-аас гаргасан мэдээллээр коронавирусний халдвар 204 оронд 697.244 тохиолдол, 33500 нас баралт бүртгэгдсэн. Шинж тэмдэгггүй тохиолдлын тоо хэд хэдэн улсад бүртгэгдсэн. Эмнэлгийн ачаалал, эрүүл мэндийн мэргэжилтний хэрэгцээ эрс нэмэгдсэнээс эмнэлэг ачаалалтай ажиллаж байна. Цар тахалтай тэмцэж байгаа ч хүн амдаа нэн шаардлагатай тусламж үйлчилгээг орхигдуулахгүй байхыг дэлхий нийтээр зөвлөж байна. ДЭМБ-аас сэжигтэй тохиолдол болон хавьтлыг эрт илрүүлж тусгаарлахыг зөвлөсөн” гэлээ.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал “Өнөөдрийн байдлаар 2310 иргэн тусгаарлах байранд байна. Эдгэрсэн хоёр иргэнийг тусгаарлах байранд шилжүүлж, ажиглалтад авсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Эмнэлэгт хэвтэгсэд болон эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн биеийн байдалд байнгын хяналт тавин ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмнэлгт очихгүйгээр байгаа баримт бичгийг ашиглан хугацааг сунгах арга хэмжээ авч байгаа. Өнөөдрийн байдлаар 43 жирэмсэн эмэгтэй, 0-5 нас хүртэлх насны 56 хүн байна. Иргэдээс өрөө жижигхэн байна, хоол амтгүй байна, нохойны хоол өгч байна гэсэн гомдол өгч байна. Эмчийн өөдөөс чанамалтай талхаа шидэж байна. Хоорондоо зодолдож байна. Коронавирус дэлхий нийтийг цочроож байгаа цар тахал. Өнөөдөр онгоцоор иргэнээ татаж авч байгаа улс цөөхөн байна. Дэлхийд 5 одтой зочид буудалд иргэдээ байрлуулж байгаа улс нэг ч байхгүй. Эмчээрээ хоол зөөлгөж байгаа улс байхгүй. Гэтэл эмчийнхээ өөдөөс талхаа шидээд байж байдаг. Ингэж болохгүй. Тусламж үзүүлж байгаа эмч нар чинь дэлхийд тусламжаар ажилладаг ийм хүмүүс та нарт үйлчилж байна. Иргэд зан авираа татах хэрэгтэй байна. Хэн нэгэн уурлалаа гээд тусгаарлах хоногийн хугацааг наашлуулж болохгүй. Цаашлаад бүх иргэдийн төлөө хийж байгаа ажил” гэсэн юм.