Улс төр
С.Бямбацогт: УИХ-ын хаврын чуулган 40 орчим хоног үргэлжилнэ
УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтоос тодрууллаа.
-УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэдэн асуудал хэлэлцэх вэ?
-Хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад 17 хуулийн төсөл орсон. Төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны тайлан зэрэг хаврын чуулганд заавал хэлэлцэх ёстой асуудлууд бий.
Түүнээс гадна бид 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Үүнтэй холбогдуулаад зайлшгүй батлах хэдэн хууль бий. Ерөнхийлөгчийн тухай, Шүүхийн тухай, УИХ-ын тухай, Засгийн газрын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Аудитын тухай гэх мэт өөрчлөлт оруулах шаардлагатай хуулиуд бий.
1992 онд Үндсэн хууль батлагдсантай холбоотойгоор төрийн байгуулалтаа шинэчилсэн. Үүнтэй адил нөхцөл байдал одоо үүсээд байна.
Яагаад гэвэл сонгуулиас өмнө УИХ эдгээр хуулийг баталж байж сонгуулийн үр дүнгээр байгуулагдах УИХ, Засгийн газар үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамжтай болох юм. Хэрэв энэ хуулиудыг баталж чадахгүй бол сонгуулийн дараа байгуулагдах УИХ, Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж эхэлнэ.
Тиймээс дээрх хуулиуд энэ хаврын чуулганаар нэн тэргүүнд хэлэлцэгдэх ёстой.
-Үндсэн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулиар давхар дээлийн асуудлыг хэрхэн зохицуулсан бэ?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-наас үйлчилж эхэлнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуульд одоогийн хүчин төгөлдөр хуулиудыг шинэчилж, Үндсэн хуульд нийцүүлж өөрчилтөл хуучин хууль нь үйлчилж байна гэж заасан.
Шинээр байгуулагдах Засгийн газар нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд батлагдсан Засгийн газрын тухай хуулиараа үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Тэгэхээр ямар нэгэн эрх зүйн зөрчил гарахгүй гэж үзэж байгаа.
-Хаврын чуулган хэзээ нээлтээ хийж, хэр удаан хугацаанд хуралдах вэ?
-Хаврын чуулган дөрөвдүгээр сарын 6-нд нээлтээ хийж, цаад талын хугацаа тавдугаар сарын 20-н хүртэл ажиллах болов уу.
Хаврын чуулган гурван сар гаруйн хугацаанд үйл ажиллагаа явуулдаг бол энэ удаагийнх 40 орчим хоног үйл ажиллагаа явуулах байх.
Тиймээс энэ богино буюу зургаан долоо хоногийн хугацаанд олон хууль баталж амжихгүй. Үндсэн хуульд заасан төрийн байгууламжийг бий болгох хуулиудыг нэн яаралтай батална.
-Сонгууль хойшлуулах тухай санал Ерөнхийлөгч гаргасан. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Өнөөдөр Засгийн газар, Улсын онцгой комисс маш сайн ажиллаж байгаа. АНУ, Хятад, Итали шиг аюултай нөхцөл байдал Монголд үүсээгүй байна. Тиймээс бид ялгаж харах хэрэгтэй.
Коронавирус гаднаас зөөвөрлөгдөж орж ирснийг эмчилж чадаж байна. АНУ шиг Итали шиг нөхцөл байдалд хүрвэл сонгууль хойшлуулах, дараа дараагийн арга хэмжээг авах шаардлагатай болох байх.