Эдийн засаг

Ажилгүй, орлого нь тасалдсан зээлдэгчийн хүсэлтийг авна

Нийтэлсэн

“Би хувийн компанид ажилладаг. Саяхан мэс засалд орж, ажлаа түр хугацаагаар хийхгүй байгаа. Хэдийгээр компанийн маань үйл ажиллагаа зогсохгүйгээр явж байгаа ч би эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хийж чадахгүй байгаа. Тиймээс цалингийн зээлээ төлөх хугацаагаа сунгаж, хойшлуулж болох талаар асууж, лавлаад явж байна” гэж иргэн Б.Баттулга хэлж байв.

Харин иргэн Б.Сүхбаатар “Би хувийн компанид жолоочоор ажилладаг. Манай гэр бүл арилжааны банк болон банк бус байгууллагад давхар зээлтэй. Ажил маань хөл хорио тогтоосонтой холбоотойгоор бүрэн зогссон. Тиймээс банкны давхар зээлээ төлж чадахгүйд хүрээд байна. Банкны мэргэжилтнүүд эхний ээлжинд хүсэлтээ онлайнаар гаргаж өгөх шаардлагатай гэж байна” гэв. Энэ мэт банкны зээлийн мэргэжилтэй уулзаж буй ганц нэг хүмүүстэй тааралдав.

Учир нь өнгөрөгч амралтын өдрүүдэд арилжааны банкууд онлайнаар зээл хойшлуулах хүсэлт авч эхэлсэн. Засгийн газрын шийдвэр арилжааны банкуудад хэрхэн хэрэгжиж, иргэдэд ямар шалгуур тавьж байгаа талаар дахин сурвалжлага бэлтгэхийг зорилоо.

Зарим иргэд зээл төлөх хугацааг сунгаж, хойшлуулах талаар банкны мэргэжилтнүүдээс мэдээлэл авч байлаа. Гэхдээ арилжааны банкууд өөрсдийн цахим хуудсаар дамжуулан онлайн хүсэлтийг авч байгаа учраас банкинд өөрийн биеэр хандаж буй хүмүүс харьцангуй цөөн байсан юм.

Засгийн газраас /2020.03.18/ зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг 90 хоногоор хойшлуулах, чанаргүй зээлийн ангилалд бүртгэхгүй байх хугацааг зургаан сараар тогтоосон. Гэвч шийдвэр гарснаас хойш 10 гаруй хоногийн хугацаанд банк болон банк бус санхүүгийн байгууллага ямар ч мэдээлэлгүй байхаас гадна зээлдэгчдээс зээлээ төлөхийг эрчимтэй шаардах болсон талаар иргэд гомдоллох болсон.

Монголбанкнаас мэдээлснээр /2020.03.30/ давхардсан тоогоор 26 мянган зээлдэгчийн 2.5 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсчээ. Үүнээс 65.1 хувь нь буюу хоёр их наяд төгрөг нь аж ахуй нэгжид, 35 хувь нь буюу 545 тэрбум төгрөг нь иргэнд хамаарч байгаа аж. Мөн хуваарийн дагуу хийгдэх ёстой нийт өрийн үйлчилгээнээс 195 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 72 тэрбум төгрөгийн хүү төлөгдөөгүй байгааг мэдээлсэн.

Ингээд арилжааны банкууд иргэдийн хүсэлтийг хэрхэн хүлээж авч байгаа талаар тодруулсан юм. Энэ үеэр зээлийн эдийн засагчид Covid-19 халдварын улмаас ажилгүй, орлого нь тасалдсан зээлдэгч нарт энэ шийдвэр хамааралтай гэдгийг хэлж байв. Иргэд зээлээ төлөх чадамжгүй гэдгээ ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын лавлагаагаар нотлох шаардлагатай ажээ.

ГОЛОМТ БАНК Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор тогтоосон хорио цээрийн улмаас бизнесийн үйл ажиллагаа нь доголдсон, цалингаа тавьж чадахгүй байгаа аж ахуй нэгжийн ажилтнуудын зээл сунгах хүсэлтийг авч байгаа. Цалингаа хэвийн олгож байгаа байгууллагын ажилтны зээлийн хугацааг сунгаж, хойшлуулах хүсэлтийн авахгүй.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК  Харилцагчдаасаа онлайн хүсэлтүүдээ хүлээн авч, зээлийн хугацааг нь сунгах шаардлагатайг сунгаж, нэмэлт гэрээ байгуулаад ажиллаж байна. Программын түвшинд хараахан иргэдийн хүсэлт ирээгүй байгаа. Зээл авсан салбарынхаа эдийн засагчтай уулзах шаардлагатай.

ХААН БАНК Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорионы улмаас байгууллагынх нь үйл ажиллагаа түр зогссон эсвэл орлого нь багассан тохиолдолд харилцагчийн зээлийн хугацааг сунгаж байна. Тодруулбал, тухайн байгууллагын тодорхойлолт, нийгмийн даатгалын лавлагааг хянаж үзээд зээл авсан салбартаа хүсэлтээ гаргах шаардлагатай.

ХАС БАНК ХасБанк харилцагчдадаа санхүүгийн бэрхшээлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, үндсэн төлбөрийг хойшлуулах, хугацааг сунгах, хугацаа хэтэрсэн тохиолдолд торгуулийн хүү, алдангиас чөлөөлөх шийдвэрүүдийг гарган ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар /2020.03.31/ нийт 760 гаруй харилцагчийн 48 тэрбум төгрөгийн зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулаад байна.

ТӨРИЙН БАНК COVID-19 цар тахлаас үүдэлтэйгээр Монгол Улсад  үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор харилцагчдадаа дэмжлэг үзүүлэх зорилгоор Төрийн банкнаас зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах үйлчилгээний шимтгэл болон хугацаа хэтэрсэн тохиолдолд тооцдог нэмэгдүүлсэн хүү, торгуулиас чөлөөлөх, банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20 хувиар бууруулах арга хэмжээг авч байна. Мөн орлого тасалдсан, доголдсон зэргээс  шалтгаалан бизнесийн зээлийнхээ  гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг өнгөрсөн долоо хоногоос онлайнаар авч эхэлсэн гэв.

Зээлтэй иргэд доорх зааврын дагуу зээлээ хойшлуулах хүсэлт явуулах боломжтой. Тухайлбал, Голомтын зээлтэй иргэд https://zeel.golomtbank.com холбоосоор, Худалдаа хөгжлийн банкны зээлтэй иргэд https://www.cardcentre.mn/loanreq/index.php энэхүү холбоосоор орж зээлээ хойшлуулах боломжтой. Харин Хаан банкны зээлтэй иргэд https://www.khanbank.com/mn/personal/news/khaan-bank-ersdeliig-dawan-tuulakhad-ni-khariltsagchdadaa-demjleg-uzuulj-baina холбоосоор, Төрийн банк https://e.statebank.mn/LoanRequest холбоосоор орж зээлээ хойшлуулах боломжтой юм байна.

Арилжааны банкууд Монголбанкнаас гаргасан багц шийдвэрийн дагуу холбогдох дотоод журам, дүрэмдээ өөрчлөлт оруулан харилцагчийн хүсэлтээр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлснээр 1069 иргэний 36.6 тэрбум төгрөгийн зээл, 126 байгууллагын 409.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд хөнгөлөлт үзүүлсэн гэдгээ мэдээлээд байна.

Exit mobile version