Covid-19
Туркменистаны Ерөнхийлөгч “коронавирус” гэдэг үг ашиглах, маск зүүхийг хориглолоо
Туркменистан улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердимухамедов цар тахалтай холбоотой мэдээллийг хянахын тулд “коронавирус” гэдэг үг ашиглахыг хориглолоо.
Тус улсын Төрийн хэвлэл мэдээллийн байгууллага, сургууль, эмнэлэг гээд бүхий л салбар энэхүү үгийг ашиглахаа больсноос гадна бие даан үйл ажиллагаа явуулдаг цөөн хэдэн хэвлэл мэдээллийн сайтыг хаасан байна. Энэхүү хоригийн дагуу гудамжинд коронавирусийн талаар ярьсан, маск /амны хаалт/ зүүсэн хүмүүсийг баривчлах аж.
Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагын 2019 судалгаагаар Туркменистан улс нь хэвлэлийн эрх чөлөөний хувьд хамгийн хаалттай орнуудын нэг бөгөөд одоогоор тус улсад коронавирусийн халдвар илрээгүй байгаа юм.
Туркменистан нь Иран улстай хил залгаа оршдог ба Иранд өнөөдрийн байдлаар 44605 хүн халдвар авч, 2898 хүн нас бараад буй.
“Туркменистаны эрх баригчид коронавирустэй холбоотой бүх мэдээллийг устгаж байна. Эдгээр мэдээллийг устгах нь иргэдээ хамгийн ихээр эрсдэлд оруулаад зогсохгүй Гурбангулы Ерөнхийлөгчийн авторитар дэглэмийг бэхжүүлж буй” гэж Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагын зүүн Европ ба төв Азийг хариуцсан албаны дарга Жин Кавальер хэлжээ.
Тус улсын иргэд коронавирусийн цар тахлын талаар зөвхөн нэг талын мэдээлэл авч байгаа ба “Хамгаалагч эцэг” хэмээн алдаршсан Ерөнхийлөгч Гурбангулы гуравдугаар сарын 13-наас хойш олон нийтийн газарт уламжлалт эмчилгээний “хармала” хэмээх ургамлаар май тавихыг тушаасан байна.
Эх сурвалж: RSF.org /Хил хязгааргүй сэтгүүлчид/