Бидэнтэй нэгд

Нийгэм

Д.Ядамдорж: Нийслэл хотод гэмт хэрэг 2018 оныхоос 7000 орчим буюу 30 хувиар буурсан

Нийтэлсэн

– Нийслэлийн цагдаагийн удирдах газраас өнгөрсөн онд гэмт хэрэг 20 хувиар буурсан үзүүлэлттэй шинэ онтой золгосон. Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал ямар байгаа тухай яриагаар эхлэе?

– Сүүлийн жилүүдэд Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг өссөн.Тухайлбал, 2017 онд гэмт хэрэг 17,4 хувиар өссөн. Харин 2018 онд 3705 аар буюу 16,9 хувиар өсч нийт 25652 гэмт хэрэг үйлдэгдсэн юм. Харин 2019 онд 5391 хэргээр буюу 21 хувиар буурч, 2020 оны нэгдүгээр улиралд 1406 хэргээр буюу 21,1 хувиар буурсан. Дээрх статистик тоог нийтэд нь авч үзвэл 2018 оныхоос 7206 буюу 30 орчим хувиар буурлаа.

Өнгөрсөн онд болон энэ оны эхний 1 дүгээр улирлын байдлаар нийслэл хотын хэмжээнд гэмт хэргийн гаралт бууралттай эерэг үр дүн гарсан нь манай хамт олны хичээл зүтгэлээс гадна иргэд, байгууллагуудын маань хүчин зүтгэл их байгааг хэлэх нь зүйтэй.

Энэ хугацаанд нийт гэмт хэргийн дийлэнх хувийг эзэлдэг байсан хулгай, дээрэм, залилан, халаасны хулгай, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд 30-60 гаруй хувиар буурсан.

Харин энэ оны 1 дүгээр улиралд авто тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 58 бүртгэгдэж урьд оны мөн үеэс 35 хэргээр буюу 1.5 дахин, мөнгө угаах гэмт хэрэг хоёр нэгжээр буюу 40 хувиар өссөн. Үүнтэй зэрэгцээд мал хулгайлах гэмт хэрэг 26 бүртгэгдсэн нь урд оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байна.

Иргэд байгууллагаас ирүүлсэн нийт дуудлага, мэдээлэл 2019 онд 59102-р буюу 11.7 хувь, энэ оны 1 дүгээр улиралд 10391 буюу 9,8 хувиар, сүүлийн нэг жил гаруйн хугацаанд гэмт хэрэг зөрчлийн дуудлага, мэдээлэл 69493- р буюу 21 хувиар буурчээ. Үүнд бид урамшиж байгаа. Дуудлага мэдээлэл бүхний ард хүн хүч, мөнгө санхүү, цаг хугацаа гээд олон асуудал байдаг шүү дээ. Зөвхөн нэг согтуурч танхайрсан дуудлага дээр очиход бензин тос, алба хаагчийн ажил ачаалал, цалин мөнгө гээд бичээд байвал олон доо. Үүнийг манай иргэд ч бас их ойлгодог болсон.

Харин гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл 1968 буюу 30.3 хувь, зөрчлийн дуудлага, мэдээлэл 1582 буюу 2.0 хувь, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл 5744 буюу 34.1 хувиар тус тус буурсан тухай онцлох нь зүйтэй.

Ингээд гэмт хэргийн гаралт нийслэлийн хэмжээнд бүх дүүрэгт буурснаас Хан-уул дүүрэгт 30.4 хувь, Чингэлтэй дүүрэгт 29.7 хувь, Баянгол дүүрэгт 27.9 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 14.0 хувь байгаа нь бусад дүүргүүдээс илүү байна. Ажил ачаалал багатай дүүрэг, хороо, алба хаагч гэж үгүй. Ер нь манай алба хаагч нарын манлайлал надаас, өөрөөс маань эхлэх учраас ажлын арга, туршлага гээд бүхий л талаараа удирдах ажил алба хашиж байгаа залуустаа үлгэр дуурайл болохыг зарчмаа болгож ирсэн. Ер нь дарга гэдэг албан тушаалтнуудыг зохион байгуулагч, зохицуулагч, чиглүүлэгч, үлгэрлэгч гэж манлайллын үүргээр нь хамт олон нь хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах явдал юм. Тиймээс удирдлагуудаас их зүйл шалтгаална гэж би хувьдаа үздэг.

Дүүргийн цагдаагийн хэлтэс, тасгийн дарга нарын хувьд ч удирдан зохион байгуулах ур чадвар, ажил хэрэгч байдал, алба хаагч нэг бүрт хүрч ажиллах, хэрэг зөрчилд хяналт тавьж буй байдал, иргэдээс ирүүлсэн гомдол санал хүсэлтэд хариу өгч байгаа байдал, харьяа дээд байгууллага, удирдлагаас ажил сайжруулах чиглэлээр өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилт, үр дүнг хянах, тооцох явдал учир дутагдалтай байсныг нуух юун.

Нөгөө талаас анхан шатанд ажиллаж байгаа алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хэргийг хуулийн хугацаанд нь мөрдөн шалгах, дуудлага, мэдээлэл нэг бүрийн шийдвэрлэлтэд хяналт тавих гэх мэт ажлууд нь суларсан байсан гээд дурдвал асуудал барагдахгүй л дээ.

Цагдаагийн дарга хүн ажилдаа хамгийн эрт ирээд хамгийн сүүлд явдаг байх нь наад захын манлайлал. Албаны дүрэмт хувцсаа үлгэр жишээ өмсдөг, алба хаагчидтайгаа журам, дүрмийн дагуу зөв харьцдаг, иргэдийг сайхан хүлээж аваад, гаргасан өргөдөл, гомдлыг нь шалгах алба хаагчид нь зөвлөгөө өгөөд, хэрэгжилтийг нь тооцдог, иргэнд хариуг нь өгдөг, алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлэх, ажил хариуцах чадвар зэргээр дүүргүүдийн ихэнх дарга нар зүтгэл гаргаж, санаачилгатай ажиллаж байгаад урамтай байдаг.

Иймээс бид дуудлага мэдээллийг шалгаж шийдвэрлэх тал дээр онцгой анхаарч, ажиллахын зэрэгцээгээр, алба хаагчдын сахилга ёс зүйг дээшлүүлэх, удирдлагын манлайллыг нэмэгдүүлэх тал дээр тогтмол үйл ажиллагаа зохион байгуулж хэвшүүлсний ч бас үр дүн юм даа.

– Гэмт хэрэг буурсан шалтгаан нөхцөлийг та яаж харж байна вэ. Сүүлийн жилүүдэд бууруулахад чиглэсэн ямар ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна вэ?

– Хууль зүй Дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газраас манай Нийслэлийн цагдаагийн газрын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж шинэ бүтцэд оруулсан. Бидний санаачилсан ажлын үр дүн иргэд, алба хаагчдад ээлтэй байвал тэр бодит үр дүн гэж хардаг. Тийм бүтэц болсон ч гэж бодож байгаа. Тухайлбал: Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийг нутаг дэвсгэрийнх нь харьяаллаар хариуцахаар дүүрэг тус бүрт газар байгуулснаар нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үйл ажиллагаа бүрдсэн. Ингэснээр нутгийн өөрөө удирдах байгууллагатай нэг бодлогоор л харилцдаг болж байна гэсэн үг. Үүнийгээ дагаад цагдаагийн хэлтсүүдийн ажлын уялдаа холбоо улам сайжирч, ажил ачааллаа хамтын хүчээр шийдвэрлэх боломж нэмэгдэж байна. Энэ бүтцийг хийхэд Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагын бүтцээс 52 орон тоог дүүргүүдэд шилжүүлж, хороодод цагдаагийн 33 хэсэг байгуулсан. Энэ нь цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд ойртуулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, дүүрэг хороодын хэсгийн үйл ажиллагааг сайжруулах, бэхжүүлэх ач холбогдолтой шийдвэр боллоо.

Мөн Нийслэлийн цагдаагийн газрын харьяанд Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулж, хойч ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрхийг хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд ач тустай ажил гэж харж байгаа. Энэ чиглэлээр мэргэшсэн алба хаагчид урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байна.

Дүүргүүдийн Иргэдийн хурал, Засаг даргаас харьяа цагдаагийн газар хэлтсүүдэд техник тоног төхөөрөмж, төсөв мөнгөний дэмжлэгийг чамлалтгүй үзүүлж байна. Тухайлбал: Чингэлтэй дүүрэг 200 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, засварын ажил, мөн Хан-Уул, Багануур дүүргүүдийг дурдаж болно.

Цагдаагийн байгууллага нь иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээлэл нэг бүрт хүрч ажиллан, зөрчлийн шийдвэрлэлтэд удирдлагын хяналтыг эрс сайжруулан тогтмолжуулж, алба хаагчдын хуульч ажиллагаа, ур чадварыг сайжруулахад онцгойлон анхаарч ажилласны үр дүн юм.

Түүнчлэн өнгөрсөн онд болон энэ оны 1 дүгээр улиралд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээ /аян, нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ/-г үе шаттайгаар зохион байгууллаа. Үүгээр зогсохгүй гэмт хэрэг, зөрчлийн болон гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийг тухай бүр нь шуурхай шалган шийдвэрлэх ажилд голлон анхаарч прокурор, шүүхийн байгууллагатай нягт хамтран ажилласны үр дүн маш чухал.

Нөгөө талаар олон нийтэд чиглэсэн урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг цахим орчинд шуурхай хүргэх ажлуудыг зохион байгуулах, халдварт өвчинтэй холбоотой хорио цээрийн дэглэм тогтоож, архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг багасгасан нь гэмт хэрэг буурахад нөлөөлж байна. Мөн иргэдийн өөрийгөө болон бусдыг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, эрх зүйн ухамсар дээшилж байгаатай холбож болно.

Байгууллага аж ахуйн нэгжүүдийн хуульд заасан үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулж үр дүнг бодитой тооцсон. Мөн гудамж талбай, олон нийтийн газарт эргүүл хяналт шалгалтад мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулж улмаар хэв журмын урамшилт эргүүл, олон нийтийн цагдаа, нийтийн эргүүлийг эрчимжүүлсэн нь тодорхой үр дүнгээ өгсөн юмаа.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод хоногт дунджаар 1500-2000 гаруй дуудлага цагдаагийн байгууллагад ирдэг байсан. Одоо энэ тоо 500-1000 аар буурч байна. Бүртгэгдсэн нийт дуудлага, мэдээллийн 60 гаруй хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчил үйлдсэн тухай байдаг. Тиймээс хэргийг өдөөдөг хууль бус үйл ажиллагааг хяналтандаа авч, таслан зогсоох, хариуцлага тооцох ажлыг эрчимжүүлж ажилласны үр дүнд дээрх төрлийн гэмт хэрэг, зөрчил буурч байна. Тухайлбал: Нийслэлийн цагдаагийн байгууллагаас сүүлийн хоёр жил гаруй хугацаанд баар, цэнгээний газруудын үйл ажиллагаа болон гудамж талбайг хяналтад авах чиглэлээр “Эмзэг цэг” арга хэмжээг нэг ч өдөр алгасалгүй тасралтгүй явуулж байна.

– Нийслэлийн иргэдийн хурал болон Засаг дарга нараас та бүхний ажлыг хэрхэн дэмждэг вэ?

– Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улсын төсөв, орон нутгийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс, Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэс шинэ байр, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн өргөтгөлийн барилга ашиглалтад оров.

Удахгүй Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газар, Багахангай дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн шинэ байрнууд ашиглалтад орох гэж байна. Мөн нийт автомашинуудын 10 орчим буюу 50 автомашинаар парк шинэчлэл хийлээ. Шинээр нэг тэрбум орчим төгрөгөөр тодорхой дүүргүүдийн хороодыг камержуулаад байна. Энэ нь гэмт хэрэгтэй тэмцэх ажилд үзүүлж байгаа маш том дэмжлэг.

– 2020 онд Нийслэлийн төсөвт бүтээн байгуулалтын болон бусад ямар мөнгө санхүүгийн асуудлуудыг шийдвэрлэхээр болоод байгаа вэ?

Нийслэлийн удирдлагуудын санаачлан дэмжсэнээр 2020 онд Нийслэлийн иргэдийн хурлаар автомашины парк шинэчлэл, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн шинэ барилга, Улаанбаатар хотыг тодорхой хэмжээнд камержуулах төсөв хөрөнгийг баталсан. Хууль Зүй Дотоод хэргийн сайдын тушаалаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын холбогдох албан тушаалтнууд цагдаагийн ерөнхий газрын багтай хамтран Улаанбаатар хотод болон Монгол улсын хэмжээнд камержуулахад хэдий хэмжээний хөрөнгө, техник тоног төхөөрөмж шаардлагатайг судлах ажлын хэсэг байгуулагдан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан. Тухайлбал Улаанбаатар хотод 6500 камер байршуулахад гэмт хэрэг 40 хувиар буурах тооцоог гаргасан бөгөөд камерууд байршуулах бүх цэгийг тодорхойлсон. Мөн Улаанбаатар хотод тавигдах камерын стандартыг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээр батлуулаад байна. Эдгээр камерууд нь гэр хороолол болон хотын төвд шилэн кабелиар болон агаараар шийдэх боломжтойг хүртэл тодорхойлсон.

Энэ нь цагдаагийн алба хаагч дуудлага мэдээлэлд түргэн шуурхай очих, иргэдийн ая тав тухтай ажиллах амьдрах, айдас хүйдсийг багасгах, цагдаагийн алба хаагчийн хөдөлмөрийг хөнгөвчлөх зэрэг ач холбогдолтой.

Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлыг нэмэгдүүлж баталсан. Энэ бүхэн цагдаагийн байгууллагын ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн, сүүлийн жилүүдэд хийгдээгүй томоохон хөрөнгө оруулалт боллоо.

– Кроновирусын халдварын тархалтын үед өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбогдуулан Нийслэлийн цагдаагийн удирдах газраас ямар зохион байгуулалттай хэрхэн ажиллаж байна вэ.

– Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар нийт бие бүрэлдэхүүн хоёр сарын хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар, Онцгой комисс, Нийслэлийн Засаг даргаас хэд хэдэн захирамж, тогтоол шийдвэр гарч хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн цагдаагийн байгууллагын 3000 алба хаагч эргүүл хяналт, шалгалтын ажлуудыг тасралтгүй зохион байгуулж байна. Тухайлбал:

Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар НМХГ-тай хамтран шөнийн хяналт шалгалтыг эрчимжүүлж баар, шөнийн цэнгээний болон цахим тоглоомын газруудад өдөр бүр шөнийн хяналт шалгалтыг эрчимжүүлснээр олон зөрчлүүдийг илрүүлж зохих арга хэмжээг нь түргэн шуурхай авч байна. Үүн дээр дүүргийн цагдаагийн алба хаагчид маань өдөр, шөнөгүй нийслэл хотын аюулгүй байдлын манаанд амь бие, эрүүл мэндээ үл хайхран ажилласны үр дүн ихээхэн гарч байгаа хэрэг юм. Харилцан ачааллаа нөхөж ажилласнаар цаад утгаараа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ажилд ямар нэгэн хий гаргахгүй үргэлжлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Энэ хэмжээгээр гэмт хэрэг, зөрчил дуудлага, мэдээллийн тоо ч эрс буурч байна.

Түүнчлэн нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаагаар худалддаг, үйлчилдэг 6844 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг шалгаж, Монгол улсын хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийг зөрчсөн 51 аж ахуй нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг холбогдох байгууллагад хүргүүлж, гудамж талбай, олон нийтийн газарт нус цэр, шүлс хаясан бие зассан 11 мянга орчим, Гамшгийн тухай хууль 30 гаруй хүнийг нийтдээ 116 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулаад байна.

Мөн коронавирусын халдвараас сэргийлэх ажлын хүрээнд улсын онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу энэ оны 03 дугаар сараас эхлэн Нийслэлийн Баянгол дүүргийн “Наранбулаг”, Баянзүрх дүүргийн “Парк”, Хан-Уул дүүргийн “Зүчи палас” зочид буудал, Баянгол дүүргийн “Амар” зочид буудал, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт гадаад улс орнуудаас ирсэн 710 гаруй хүнийг тусгаарлаж, ногоон бүс буюу гадна орчинд цагдаагийн 260 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Улаанбаатар хот руу орж гарах хөдөлгөөний хязгаарласантай холбогдуулан нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор стандартын бус батлагдаагүй замаар явах хөдөлгөөний хязгаарлалтыг хийж 19 цэгт 120 гаруй алба хаагчийг тогтмол ажиллуулж байна.

Мөн гэр оронгүй иргэд болон хараа хяналтгүй хүүхдүүдийг аливаа халдварт өвчин тараах, тэднийг кроновирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга 03 дугаар сарын 12-ны өдөр А/345 дугаар захирамж гаргасныг холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлж 477 иргэнийг илрүүлэн, ар гэрийн хүсэлтээр 128 хүнийг ар гэрт нь буцааж 349 хүнийг төрийн болон төрийн бус нийгмийн халамжийн байгууллагад шилжүүлж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаад байна.

– Өндөржүүлсэн бэлэн байдлын үед алба хаагчдаа хэрхэн зохион байгуулж ажиллана байна. Хүндрэл бэрхшээл гарч байна уу?

– Цагдаагийн ерөнхий газраас алба хаагчдыг өвчнөөс болон эрсдэлээс хамгаалах чиглэлээр арга зүйн зөвлөмж, үүрэг чиглэл, хөрөнгө /эд зүйл/, хамгаалах болон ариутгах хэрэгсэл тасралтгүй ханган ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хүн хүчний оновчтой хуваарилалт хийж, ерөнхий газрын харьяа алба хэлтсүүдийн хүн хүчийг төвлөрүүлэн эргүүл, хяналт шалгалт, хамгаалалтад татан оролцуулж байгаа нь дүүргийн алба хаагч нарт ихээхэн тус нэмэр болж байна.

Одоогоор хүн хүч дутагдаж байгаа асуудал гараагүй байна. Цаашид хамгаалах объект олноор нэмэгдэж, энэ өвчний халдвар тархалт нэмэгдвэл мэдээж хүн хүчний хомстол дутагдалд орно. Ийм учраас иргэд, байгууллага хамт олон энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

Төв аппаратын албан тушаалтнууд дүүрэг дээр 4-5 хоногоор шилжин ажиллаж, жижүүр хороон дээр ажиллаж байгаа алба хаагчдыг амрааж, нурууг нь тэнийлгэлээ. Ингэснээрээ алба хаагчдын ажил ачааллыг тэнцвэржүүлэх үр дүнтэй.

Манай алба хаагчид энэ цаг үеийн байдлыг сэтгэлийн хүч тэнхээ энэ албыг сонгосон ухамсар, итгэл үнэмшлээрээ даван туулахын төлөө мэрийн ажиллаж байна. Ингэх ч ёстой юм. Энэ дашрамд хэлэхэд нэгж дээр үүрэг гүйцэтгэж байгаа бие бүрэлдэхүүндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж, тэдний гэр бүл үр хүүхдэд нь эрүүл энх сайн сайхныг хүсье.

Нийтэлсэн: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм5 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент5 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр5 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр5 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр5 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ6 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент1 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн