Дэлхий
ОХУ-д хөл хорионы дэглэмийг ноцтойгоор зөрчсөн хүн 7 жил хоригдох ялаар шийтгүүлж болзошгүй
ОХУ-Д ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМИЙГ НОЦТОЙГООР ЗӨРЧСӨН ХҮН 7 ЖИЛ ХОРИГДОХ ЯЛААР ШИЙТГҮҮЛЖ БОЛЗОШГҮЙ
ОХУ-ын төрийн дум коронавирусний эсрэг багц хуулийн төслийг батлаад байна. Энэхүү хуулинд иргэний хөл хорионы дэглэмийг үл ойшоосон үйлдэл бусад хүмүүсийн амь насаараа хохирох шалтгаан болсон тохиолдолд тухайн этгээдэд 7 жил хүртэлх хорих ял оногдуулах тухай заалт багтсан байна. Мөн коронавирустэй холбоотой худал, ташаа мэдээлэл тараасан хүнд 5 хүртэлх жилээр хорих ялыг оногдуулахаар байгаа юм. Нийслэл Москва хотыг хөл хорионд оруулсны дараагаар Оросын бусад бүс нутагт ч адил арга хэмжээг авч эхлээд байна. Сүүлийн үед Орос дахь коронавирусний тархалт нэмэгдэж, халдвар авсан хүний тоо 2400-д дөхөж байгаа бол 17 хүн нас баржээ.
ВЛАДИМИР ПУТИНТЭЙ УУЛЗСАН ЭМЧ КОРОНАВИРУСНИЙ ХАЛДВАР АВЧЭЭ
Энэ сарын 24-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний халдвар авсан иргэдийг эмчилж байгаа Москва хотын эмнэлэгт зочилсон юм. Энэ үеэр тус эмнэлгийн ахлах эмч Дэнис Проценко Путинийг хүлээн авч, эмнэлгийн болон өвчтөнүүдийн нөхцөл байдлыг танилцуулсан юм. Энэ уулзалтаас хойш удалгүй эмч Дэнис Проценко шинэ коронавирусний халдвар авсан болох нь тогтоогдоод байна. Харин Оросын ерөнхийлөгчийн албанаас Владимир Путиний биеийн байдал хэвийн, ямар нэгэн асуудалгүй байгааг мэдээлжээ. Ерөнхийлөгч Путинийг ийнхүү эмнэлэгт зочлох үед түүнийг Оросын ерөнхий сайдын орлогч, засгийн газрын зарим гишүүн болон хотын дарга нар дагалдан явж байжээ.
НҮБ: ДЭЛХИЙН II ДАЙНААС ХОЙШИХ ХАМГИЙН ТОМ СОРИЛТТОЙ ТУЛГАРЧ БАЙНА
Дэлхийн 2-р дайны үр нөлөөгөөр НҮБ байгууллага үүсэн байгуулагдсанаас хойш дэлхийн дахин хамгийн хүнд бэрх сорилттой тулгарч байгаа нь шинэ коронавирусний дэгдэлт гэдгийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттериш хэлсэн байна. Тэрээр энэ вирусний тархалт нь зөвхөн эрүүл мэндийн салбарын бус харин хүн төрөлхтний хямрал болоод байгааг хэлжээ. Шинэ коронавирусний олон улсын эдийн засаг болон нийгмийн амьдралд үзүүлж байгаа сөрөг нөлөөг бууруулах гол арга зам нь улс орнууд хамтран ажиллах гэдгийг Ноён Антониу Гуттериш онцолжээ. НҮБ нь улс орнуудын хоорондох хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийг хамарсан зэвсэгт тэмцэл гарахаас сэргийлэх үүднээс 50 гаруй орны бүрэлдэхүүнтэйгээр 1945 онд байгуулагдаж байсан бол одоо 193 гишүүнтэй юм.
ЯПОН УЛСАД “АВИГАН” ЭМИЙГ КОРОНВИРУСНИЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗОРИЛГООР ХҮНД ТУРШИНА
Японы Фүжифилм Тояама Кемикэл компани одоогоос 6 жилийн өмнө томууны эсрэг Авиган гэх эмийг үйлдвэрлэн гаргаж байсан юм. Харин энэ эм нь шинэ коронавирусний эсрэг үйлчилгээтэй болох нь зарим туршилтаар батлагджээ. Үүнээс ч үүдэн Японд Авиган эмийг ковид-19 эсрэг эмчилгээний зорилгоор эхний удаад 100 хүндээр туршиж үзнэ гэдгийг компанийн зүгээс мэдээлжээ. Туршилт ирэх 6-р сарын төгсгөл хүртэл үргэлжлэх юм. Энэхүү эмийг Японоос гадна Хятад улсад туршилтад оруулаад байна. Хятадын эрүүл мэндийн мэргэжилтнүүд авиган эм нь коронавирусний халдвар авсан өвчтний уушгины үйл ажиллагааг сайжруулах нөлөөтэй гэдгийг тогтоожээ.
ЭНЭТХЭГИЙН ЗАЛУУ ИНЖЕНЕРҮҮД ХЯМД ӨРТӨГ БҮХИЙ АМЬСГАЛЫН АППАРАТЫГ БҮТЭЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
Энэтхэгийн Пуна хотод залуу инженерүүд нэг ширхэг нь 650 ам.доллар буюу зах зээлийн үнээс харьцангуй хямд өртөг бүхий амьсгалын аппаратыг бүтээхээр шаргуу ажиллаж байна. Одоогоор тус улсад шинэ коронавирусний халдвар авсан иргэдийг эмчлэхэд нэг ширхэг нь 2000 ам.долларын өртөгтэй амьсгалын замын аппаратыг ашиглаж байна. Шинэ коронавирусний халдвар авсан 6 хүн тутмын нэг нь хүндээр өвчилж, амьсгалж чадахгүйд хүрэх тохиолдол ажиглагдаж байгаа юм. Ийм нөхцөлд амьсгалын төхөөрөмжийн эрэлт хэрэгцээ тун өндөр байдаг байна. Хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрт орох Энэтхэг улсад дөнгөж 48000 ширхэг амьсгалын аппарат байгаа гэсэн судалгаа гарчээ.