Дэлхий

Халдвар тарсан АНУ-ын тэнгисийн хөлгөөс 3,000 усан цэргийг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлжээ

Нийтэлсэн

АНУ-ын тэнгисийн флотын USS Theodore Roosevelt нисэх онгоц тээвэрлэгч хөлөг дээр шинэ коронавирусийн халдвар тарж, олон тооны усан цэргийг өвчлүүлээд байгаа билээ.

Өчигдөр тус хөлгийн ахмадын Пентагоны удирдлагад илгээсэн захидал олон нийтэд ил болсон юм. Ахмад Брэтт Крозер захидалдаа “Бид дайны бус үед усан цэргүүдээ дэмий үхүүлэх шаардлагагүй. Хэрвээ одоо яаралтай арга хэмжээ авахгүй бол бид хамгийн үнэтэй баялаг болох усан цэргүүдээ алдах аюултай” гэж анхааруулсан байв. Хөлөг дээр нийт 5,000 орчим усан цэрэг алба хааж байгаагаас 100 орчим нь коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл бий.

Одоо тус хөлөг АНУ-ын Номхон далай дахь нутаг дэвсгэрт тооцогддог Гуам арлын боомтод зогсож байгаа. Өчигдөр АНУ-ын тэнгисийн флотын захиргаа USS Theodore Roosevelt хөлгийн 3,000 орчим усан цэргийг хуурай газарт шилжүүлэх ажлыг эхлүүлснээ зарлажээ. Уг ажиллагаа маргааш буюу Баасан гарагт хүртэл үргэлжлэх гэнэ.

Флотын захиргаа Гуам аралд усан цэргүүдийг тусгаарлахдаа зочид буудлууд болон бусад байгууламжуудыг ашиглахаар болжээ. Одоо байрлуулах газрын асуудлыг арлын засаг захиргаатай хэлэлцэж байгаа гэнэ.

Үлдсэн усан цэргүүд нь хөлгөө хамгаалах, чухал системүүдийнх нь ажиллагааг тасалдуулахгүй байх үүрэгтэй ажиллах ажээ. Хэрвээ бүх усан цэргүүдийг ээлж ээлжээр 14 хоног тусгаарлах бол USS Theodore Roosevelt хөлөг бараг сар орчим хугацаанд үүрэг гүйцэтгэх боломжгүй болно.

АНУ-ын тэнгисийн флотын нисэх онгоц тээвэрлэгч хөлөг Ази, Номхон далайн бүсэд үүрэг гүйцэтгэх нь тус бүс нутагт Хятадын нөлөөг хязгаарлах чухал нөлөөтэй байдаг.

Эх сурвалж: Associated Press

Exit mobile version