Дэлхий

Дональд Трамп: Хятадын коронавирусийн тоонууд бага зэрэг өөдрөг талдаа байж магадгүй

Нийтэлсэн

Сүүлийн өдрүүдэд АНУ-д илэрсэн шинэ коронавирусийн халдварын тоо огцом нэмэгдэж, 200,000-ыг даваад байна.

Үүнтэй зэрэгцэн Хятад улсын зарласан албан ёсны тоо баримтад эргэлзэх явдал нэмэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар Хятадын эх газарт бүртгэгдсэн Covid-19 халдварын тоо 81,000 гаруй байна. Эндэгдлийн тоогоор ч АНУ Хятад улсаас илүү гараад байгаа юм.

Лхагва гарагийн орой коронавирусийн тахлын талаар Цагаан ордонд хэвлэлийн хурал зохион байгуулсан ерөнхийлөгч Дональд Трамп энэ талаар байр сууриа илэрхийлжээ.

“Тэдний зарлаж байгаа тоонууд бага зэрэг өөдрөг талдаа байж магадгүй” гэж Трамп сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.

Тэрээр бас Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй өнгөрсөн долоо хоногт утсаар ярихдаа “тоо баримтын тухай ярилцаагүй” гэж хэлжээ.

Трамп энэ үеэр АНУ-Хятадын харилцаа өнөөдөр маш сайн байгаа, талууд энэ оны эхээр олон тэрбумын худалдааны гэрээ байгуулсан зэргийг ярьсан байна.

Хятадыг шүүмжлэхээс илт зайлсхийсэн Трамп “Тоо баримтууд үнэн бодит эсэх тал дээр би юм хэлж чадахгүй. Би чинь Хятадын нягтлан бодогч биш шүү дээ” гэж хэлжээ.

Трампын мэдэгдлээс өмнө конгрессийн төлөөлөгчдийн танхимын гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, Бүгд Найрамдах намын Майкл Маккаул бодит тоо баримтаа Бээжингийн эрх баригчид нууж байна гэж шүүмжлээд жинхэнэ тоог мөрдөж ил гаргахыг АНУ-ын төрийн департментад уриалсан юм.

Мөн Хятад улсын эрх баригчид коронавирустэй холбоотой жинхэнэ тоо баримтуудыг олон нийтээс нууцалж байгааг АНУ­-ын тагнуулынхан тайландаа дурдсан тухай Блүүмбэрг агентлаг өчигдөр нэрээ нууцалсан албаны эх сурвалжаас олж мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters

Exit mobile version