Эрүүл мэнд

Эмзэг бүлгийн хүмүүст нийгмийн халамжийн шаардлагатай арга хэмжээ авахыг ДЭМБ уриалсан байна

Нийтэлсэн

Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнууд уг өвчний эсрэг ямар арга хэмжээ авч байгааг танилцуулав.

Тэрбээр “Халдварын тохиолдол өсөхийн хэрээр өвчний талаарх баримт мэдээлэл өдөр бүр шинээр бий болж байна. Тухайлбал, хүн амын дунд халдварын шинж тэмдэггүй халдвар тээгчид их байгааг улс орнууд мэдээлж байна.

Исланд улсад лабораторийн шинжилгээгээр батлагдсан тохиолдлуудын 50 хувь нь шинж тэмдэггүй хүмүүс байсан бол АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн даргын мэдээлж буйгаар тус улсад халдвар тээсэн нь батлагдсан нийт тохиолдлын 25 орчим хувь нь шинж тэмдэггүй байжээ.

Үүнтэй холбоотойгоор амны хаалтны хэрэглээний талаар урьдын заавраа эргэн харж, нийт хүн амд амны хаалт зүүлгэх эсэх талаарх зөвлөмждөө өөрчлөлт оруулж магадгүй байна.

Гэвч энэ шийдвэрийн улмаас эрүүл мэндийн ажилтнуудын хамгаалах хэрэгслийн нөөцөд хомсдол үүсэж болзошгүй гэж үзэж байна.

АНУ-ын нийт хүн амын 90 орчим хувь нь гэрийн хөл хорионд байгаа.

Вашингтон мужид хөл хорио тогтоосон нь үр дүнгээ өгч, халдварыг хумих нөхцөл бүрдсэнийг эрх баригчид тэмдэглэжээ.

Энэ халдварын эсрэг эмчилгээний үр дүнтэй эм хэрэгсэл, вакцин гараагүй байгаа цагт хөл хорио тогтоож, хүмүүс хоорондоо зайнаас харилцах нь хамгийн үр дүнтэй арга болж байна гэдгийг АНУ болон Европын улсуудад хийсэн судалгаанаас харагдаж буй.

Их Британид өнгөрсөн 24 цагийн хугацаанд 563 нас баралт бүртгэгдсэн, эмнэлэгт нас барсан иргэдийн тоо 2,352 болсон байна.

Итали улсын хувьд нас баралтын хувь өмнөх өдрүүдтэйгээ ойролцоо байгаа ч шинэ халдварын тоо 4,782 болж дахин өсөв.

ХБНГУ-д эрсдлийн үнэлгээг дахин хийж, хүн амын хөл хөдөлгөөнийг дахин хоёр долоо хоногийн хугацаагаар буюу дөрөвдүгээр сарын 19-нийг дуустал хорих шийдвэр гаргажээ.

БНСУ-д шинээр 89 тохиолдол бүртгэгдсэн ба 18-ыг нь гадаадаас ирсэн буюу тусгаарлах байранд байсан иргэдээс ирүүлсэн байна. Тус улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо 600 гаруй болжээ” гэв.

Exit mobile version