Эдийн засаг

Вирусийн улмаас Монголд 600 гаруй хүн цомхотголд өртсөн

Нийтэлсэн

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Бизнес итгэлийн индекс-2019 судалгааны дүн, эдийн засгийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.04.02/мэдээлэл хийлээ. Тэрбээр “МҮХАҮТ-аас вирусийн нөхцөл байдал үүссэнтэй зэрэгцээд Монголын эдийн засаг, бизнесийн орчны судалгаа, бизнесийн орчинд нөлөөлж буй нөлөөлөл, цаашид эдийн засгийн эрсдэлийг удирдах багц саналууд гээд маш олон судалгаа, танилцуулгыг төр засгийн байгууллагуудад хүргүүлсэн. Өнөөдөр эдийн засгийн салбарт нөхцөл байдал өдрөөс өдөрт муудсаар байна. Ямар нөхцөл байдал үүсээд байгаа талаар бид нэг салбарын жишээн дээр танилцуулъя гэж бодож байна. МҮХАҮТ жил бүрийн гурван сард бизнесийн итгэлийн индексийн судалгаа хийдэг. Энэ удаагийн судалгаанд 1800 компани оролцсон. Вирус ажлын байранд хэрхэн нөлөөлж байна вэ, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа хориг арга хэмжээ хэрхэн нөлөөлж байна вэ, гэсэн судалгаанд нийт 1500 компани оролцсон. Судалгаанаас вирус нөлөөлөөгүй салбар байхгүйг харж болно.

Бид гуравдугаар сарын 3, 23-нд судалгаа хийсэн. Энэ хооронд компаниудын 67,4 хувьд нь маш их хэмжээгээр нөлөөлөл үзүүлсэн бол 22 хувьд нь нэлээд хүчтэй нөлөө үзүүлсэн байна. Өнөөдөр вирусийн хязгаарлалт болон дэлхий даяар үүсээд байгаа эдийн засгийн хямрал бол бизнесийн бүх салбарт нөлөөгөө үзүүлжээ. Хамгийн их нөлөөлсөн салбараар аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээ, худалдааны салбаруудыг нэрлэж байна. Салбаруудаар задалж үзвэл аялал жуулчлалын салбарын 90 хувьд маш хүчтэй нөлөөлөл үзүүлж байна гэж үзжээ. Аялал жуулчлалын салбар Монголын нийт эдийн засагт 1.6 их наядын орлого оруулдаг. Үүний цаана маш олон зочид буудал, тээвэр логистик, иргэний агаарын тээвэр гээд бий.

Судалгаанд хамрагдсан 1500 компаниас 33 хувь нь ажилтнуудаа ямар нэгэн байдлаар цомхотгосон, тоог нь бууруулсан гэж хариулжээ. Гуравдугаар сарын 23-ны байдлаар нийт 6000 гаруй хүн цомхотголд өртсөн байна. Одоогоор эрчим хүч, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт ямар нэгэн нөлөөлөл байхгүй. Хамгийн их нөлөөлсөн нь зочид буудал, нийтийн хоол, аялал жуулчлал, банк санхүү, нийтийн хоол” гэв.

Нийт судалгаанд оролцогчдын 46 хувь нь хүмүүсээ богиносгосон цагаар, 35 хувь нь зайнаас ажиллуулж байгаа бол 28 хувь нь зун, намартаа өгдөг ээлжийн амралтаа 2, 3 дугаар сард өгчихсөн байгаа гэж хариулжээ. Ер нь ажлын байр хадгалахад тулгарч буй гол асуудал нь орлого буурсан явдал болохыг О.Амартүвшин ерөнхийлөгч хэллээ. Тэрбээр “Судалгаанд оролцогчдын 65 хувь нь орлого буурсан, 42 хувийнх нь үйл ажиллагаа зогссон, мөн доголдсон, 30 хувь нь ямар нэг байдлаар тогтмол зардлаа бууруулахын тулд ажлын байраа цомхотгосон” гэж хариулжээ.

Exit mobile version