Эрүүл мэнд

Сэлэнгийн иргэн гэрийн дэглэм сахисан ч харзны усанд орсон

Нийтэлсэн

Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр гуравдугаар сарын 10-ны өдөр эх орондоо ирсэн, “уушгины хатгалгаа” гэх оноштойгоор эмнэлэгт тусгаарлагдаад буй Мандал сумын харьяат иргэн А-гийн  талаар Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт судалгааны хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа.


-Зүүнхараад сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан иргэнийг өөрийгөө 14 хоног тусгаарлах зөвлөмж өгсөн гэсэн. Иргэдийн зүгээс түүнийг яагаад шууд тусгаарласангүй вэ гэсэн асуулт тавиад байгаа.  Тусгаарлагдах хугацаанаасаа өмнө гадуур гарсан гэх  яриа байна, энэ үнэн үү?

-Иргэн А нь гэртээ тусгаарлагдаж байсан. Гэрийн дэглэм сахих хугацаандаа эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг сайн дагаж мөрдөж байсан юм билээ. Харин бидний авсан мэдээллээр тусгаарлагдах 14 хоногийн хугацаа нь дууссаны дараа харзны усанд орсон байж болзошгүй гэсэн мэдээлэл бий. Үүнээсээ болоод даарч, “уушигны хатгалгаа” туссан байж болох юм гэж үзэж байна.

Гэхдээ тухайн иргэн нь Турк, Энэтхэг, Солонгос зэрэг өвчлөл гарсан гурван орноор аялсан өгүүлэмжтэй, уушгиндаа хатгааны шинж тэмдэгтэй байгаа учраас сэжигтэй тохиолдол гэж үзээд тусгаарлалтад авсан.

Ер нь тусгаарлалтад байгаа хүний сэтгэлзүйд өөрчлөлд орно. Гадуур гарахгүй, гэртээ хүн урихыг хориглодог тул хүнтэй уулзмаар санагдах, гадуур хоол идэх, усанд орох зэрэг хүсэл  төрдөг.

-Тусгаарлах байрнаас гарсан иргэд гэрийн дэглэм сахиж, 14 хоног өөрсдийгөө тусгаарлаж ажиглах шаардлагатайг та бүхэн өдөр болгон сануулж байга. Гэвч энэ зөвлөмжийг хүн бүр дагаж мөрдөх нь  эргэлзээтэй. Тэгэхээр тусгаарлах байрнаас гарсан иргэдийн гэрийн үүдэн бусдыг сэрэмжүүлэх тэмдэг байршуулах хэрэгтэй юм биш үү?

-Онцгой байдлын ерөнхий газраас тусгаарлалтад байсан иргэдийн гэрийн үүдэнд тэмдэг наах арга хэмжээг авч байгаа юм билээ. Тусгаарлалтын асуудлыг Улсын онцгой комиссын дэргэдэх онцгой байдлын штаб шийдвэрлэж байгаа.

-Өнөөдрийн байдлаар тусгаарлах байрны хүрэлцээ хэр байна вэ?

-Тусгаарлах байрны хүрэлцээ асуудалтай байна. Иргэдийг  21 хоногийн хугацаанд тусгаарлаж байгаа. ХӨСҮТ-д коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн, өвчлөл гарсан орнуудаар аялсан өгүүлэмжтэй анхаарал татсан иргэдийг тусгаарлаж байгаа. Бусад сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлах байруудад эмнэлгийн хяналтад авч байна. Ерөнхийдөө тусгаарлах байрны асуудлыг Улсын онцгой комиссын штаб хариуцаж байгаа. Эрүүл мэндийн асуудалд Эрүүл мэндийн байгууллагаас голчлон анхаарлаа хандуулан ажиллаж байна.

-Тусгаарлах хугацааг 14-21 хоног гэж заасан. Үүнээс илүү хугацаагаар тусгаарлах боломжтой юу?

-Коронавирусийн халдвар нь шинэ учраас  өдөр бүр мэдээлэл шинэчлэгдэж байна. Одоогийн байдлаар 21 хоногоор тусгаарлаж байна. Магадгүй өвчлөлийн шинж тэмдэг өөрчлөгдвөл дагаад тусгаарлах хугацааг шийдвэрлэх байх. Энэ асуудлыг одоогоор мэдэхгүй.

-Хөрсний бохирдол, гүний уснаас коронавирусийн халдвар нийтийн дунд тархах эрсдэлтэй юу?

-Коронавирус нь хлорт маш мэдрэг. Тиймээс ундны усыг хлоржуулдаг учраас халдвар дамжих эрсдэл бага. Харин  хөрсний бохирдлын 70 гаруй хувийг эзэлдэг  гэр хорооллын ил задгай нүхэн жорлонгийн асуудал  анхаарал татаж байна.

Хэрэв коронавирусийн халдвар нийтийн дунд тархвал ундны ус, бохир онцгой анхаарал хандуулах зайлшгүй асуудлын нэг мөн.

-Коронавирусийн халдвар нь шинж тэмдэггүй байдлаар тархаж байгааг мэдээллээ. Монгол Улсын хувьд шинж тэмдэг илэрсэн болон сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлаж байгаа. Шинж тэмдэг илрэхгүй байгаа өвчтөнүүдийг  эмнэлзүйн ямар аргаар илрүүлэх боломжтой вэ?

-Дэлхий нийтэд коронавирусийн өвчлөлийн  тохиолдлуудын 30-40 хувийг шинж тэмдэггүй хэлбэрээр тархаж байна гэж үзэж байгаа. Халдварын эхний үед шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг өвчний ангилалд  бүртгэхгүй байсан. Өчигдрөөс эхлэн БНХАУ-д 1541 тохиолдлыг шинж тэмдэггүй өвчтөний ангилалд оруулсан. Шинж тэмдэггүй хүмүүс өвчний нууц үеийн эхэнд халдвар тараах өндөр эрсдэлтэй. Ийм учраас дэлхий дахинд амны хаалт зүүхийг анхааруулж байна. Ялангуяа 0-15 насны хүүхдүүд шинж тэмдэггүй хэлбэрээр өвдөж өвчлөл тараах вирус тээгч болж байна. Тиймээс амны хаалт зүүх хэрэгцээг сайжруулах талаар зөвлөмж өгч байгаа. Амны хаалт зүүх нь шинж тэмдэггүй өвчтөнөөс халдвар тархах эрсдэлийг бууруулж буй туршлагыг БНХАУ-аас харж болно.

Exit mobile version