Covid-19

Эмч нар хэрхэн халдвар авч, өвчин нь хүндэрч байгаагийн шалтгаан

Нийтэлсэн

COVID-19 вирустэй тэмцэхэд дэлхий нийт асар их үнэ төлж, олон мянган эмнэлгийн ажилтан вирусийн халдвар авч, амиа алдсан эмч нарын тоо нэмэгдсээр…

Эмч, сувилагч болон эмнэлгийн бусад ажилтнууд хамгаалалтын хувцас, амны хаалттай ажиллаж байгаа ч хамгийн эрсдэлтэй бүлэгт багтаж байгаа юм. Мөн тэд халдвар авснаар өвчин нь хүндэрч байна. Тэд яагаад халдвар авч, өвчин нь юуны учир хүндэрч байгаа талаарх ВВС агентлагийн нийтлэлийг хүргэе.

Вирусийн ачаалал

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар эмнэлгийн ажилтнуудын ажиллаж буй орчинд вирусийн концентраци их байгаа учир тэд өвдөж байгаа гэнэ. Вирус организмд орсны дараа эд эсэд халдварлаж, үржин, вирусийн хуулбарууд бий болох бөгөөд энэ хуулбарууд нь дараагийн хэдэн өдрүүдийн туршид хүний организмд хуримтлагдан өвчтөний биеийн байдлыг хүндрүүлдэг аж.

Вирусийн концентраци өндөр байх тусам үүнээс үүдэх өвчин улам хүндрэх гэнэ. Эмнэлгийн ажилтнууд өдөр бүр вирусийн халдварын өндөр концентрацитай орчинд ажиллаж байгаагийн улмаас бусдаас илүү халдвар авах эрсдэлтэйн дээр өвчин нь хүнд хэлбэрт шилждэг аж.

Эмнэлгийн ажилтнууд халдвар авсан хүмүүстэй тун ойр ажилладаг, зөвхөн халдвар аваад зогсохгүй тэдний биенд вирус ихээр нэвтэрдэг гэнэ.

ДЭМБ-ын мэдээлснээр, Ухань хотын нэгэн оршин суугчид COVID-19 вирусийн халдварын шинж тэмдэг илрээгүй байх үед түүнд төлөвлөгөөт мэс засал хийсэн эмнэлгийн 14 ажилтан вирусийн халдвар авчээ.

“Маш эрүүл чийрэг хүний дархлааны тогтолцоо ч энэ вирусийг даван гарахад хүндрэлтэй тулгардаг. Организмд хичнээн их вирус орно төчнөөн хэмжээгээр вирус болон дархлааны тэмцэл хүчтэй байдаг. Амьтад дээр туршилт хийн, тэдэнд вирусийг янз бүрийн тунгаар хийхэд хамгийн их тунгаар вирус авсан амьтадад өвчин нь илүү хүндэрч байсан” хэмээн Лондонгийн Халдварт өвчин судлалын хүрээлэнгийн профессор Уэнди Барклай өгүүлжээ.

Covid-19 организмд хэрхэн нэвтэрдэг вэ?

Хүний амьсгалын дээд замд COVID-19 вирус тогтож болох бөгөөд улмаар амьсгалах эсвэл ханиахад гадагш тархаж болзошгүй гэнэ.

“Бид амьсгалах эсвэл ярих үед бидний хамрын хөндийнөөс дуслууд гарч агаарт цацагдаж байдаг” хэмээн профессор Уэнди Барклай тайлбарлажээ.

Эдгээр дуслуудын зарим хэсэг нь гадаргуу дээр унадаг тул хүмүүс хоорондын зай барих, гараа тогтмол угаах шаардлагатайг мэргэжилтнүүд сануулсаар байгаа юм.

Ийм халдварласан дуслуудыг хичнээнийг амьсгалж эсвэл хүрэхэд хүн халдварладаг эсэх нь одоогоор тодорхойгүй.

“Маш сайн судлагдсан томууны вирусийн тухайд гэвэл халдвар авахад организмд ердөө гуравхан хэсэг ороход л хангалттай байдаг. COVID-19 вирусийн тунгийн талаар одоогоор хангалттай мэдээлэлгүй, гэхдээ томууны вирустэй адил байх” хэмээн шинжээч таамаглажээ.

Тэргүүн эгнээний эрсдэл

Вирустэй орчинд ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнууд халдвар авах эрсдэл чухам ямар түвшинд байдаг талаар одоогоор нарийвчилсан судалгаа байхгүй. Гагцхүү Дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудын зарим мэдээлэл л багцаа дүгнэлт хийх нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

2002-2003 онд SARS дэгдэхэд дэлхий даяар халдвар авсан хүмүүсийн 23 хувь нь эмнэлгийн ажилтнууд байжээ.

Одоо ч үүнтэй адил статистик гарч байгаа гэнэ. Тухайлбал, Италид нийт халдвар авсан хүний тоо 120 мянга гаруй байгаа бол үүнээс 6200 нь эмнэлгийн ажилтнууд байгаа аж.

Испанид COVID-19 вирусийн халдвар авсан 6500 эмч, эмнэлгийн ажилтан байгаа нь нийт халдвар авсан хүмүүсийн 12 хувийг эзлэж байгаа юм байна.

Өнгөрсөн сарын эхээр Хятад улс 3300 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авсан гэж мэдээлж байсан бөгөөд энэ нь нийт халдвар авсан хүмүүсийн 4-12 хувь болж байгаа юм.

Британийн эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр тус улсын зарим эмнэлгүүдийн нийт ажилтнуудын 50 хүртэлх хувь нь өвдөж чөлөө авсан эсвэл өөрийгөө тусгаарласан гэнэ. Ингэснээр, халдвар тархахаас хамгаалах хяналтын арга хэмжээ үр дүнгээ өгөхгүй бол эмнэлгүүд өөрсдөө халдварын голомт болж болзошгүй талаар мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.

Хамгаалалт сул

Дээр дурьдсанчлан, эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авах эрсдэл өндөр, харин мэргэжилтнүүдийг хамгаалах хэрэгсэл дутагдалтай байгаа нь олон орны эмнэлгийн ажилтнуудыг бухимдуулж байгаа юм.

Францын эмч нар амны хаалтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ аваагүй нь эмч нарыг эрсдэлд оруулсан хэрэг гэж үзэн Засгийн газраа шүүхэд өгчээ. Харин Зимбабве улсын эмч, сувилагчид хатуу хорио цээр тогтоосон байгаа үед тэдэнд хамгаалалтын хэрэгсэл дутагдалтай байгааг эсэргүүцэн ажил хаялт зарласан байна.

Британид хамгаалалтын хэрэгсэл дутагдалтай байгаа нь эрүүл мэндийн тогтолцоонд итгэх эмч сувилагчдын итгэлийг алдагдуулж байна хэмээн тус улсын Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын холбооны гүйцэтгэх захирал Нил Диксон мэдэгджээ.

“Нөгөө талаас, хамгаалалтын хэрэгслийн үйлдвэрлэл Азийн орнууд тэр дундаа Хятадад төвлөрсөн байдаг. Харин Хятад улс урт хугацааны ирээдүйд ийм төрлийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг бүрэн хангахад хүндрэлтэй байгаа” хэмээн Диксон мэдэгдсэн байна.

Г.Бямбасүрэн

Exit mobile version