Улс төр

Топ 10 улстөрчийн жагсаалтад МАХН-аас нэг хүн нэмэгдлээ

Нийтэлсэн

“Улаан бал” нэвтрүүлэг байнга шуугиан тарьдаг. Одоо Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъянгийн оролцсон дугаарыг сошиал давалгаалж байна. Нэг хэсэг нь сэтгүүлчийг, нөгөө хэсэг нь оролцогчийг янз бүрээр л шүүж байна. Гэвч хөтлөгч, зочин хоёр нэг хэвэнд цутгасан мэт байвал сонирхолгүй байх биз. Юутай ч хөтлөгч хатгаж бас асууж чадсан. Оролцогч хариултаа өгч, тайлбарлаж чадсан.

Нэг зүйлийг анзаарахад Э.Эрдэнэжамъянгийн оролцсон дугаар өндөр хандалт авсан байх юм. Учир нь “Улаан бал”-ын нэвтрүүлгийн улстөрчид оролцсон дугаарууд үзэгчдээс төдийлөн хандалт авч байгаагүй. Нөгөө нэг өнцөг нь олон нийт шүүмжлэлтэй ханддаг хэдий ч “Улаан бал” –ын зочид ихэнхдээ биеэ барьж чадахгүй уурлаж бухимдаж, ямар нэг ааш авир гаргаад төгсдөг. Тэр нь тус нэвтрүүлэг тухайн хүний хэн болохыг харуулахыг зорьдогтой холбоотой байх. Тэгвэл “Улаан бал”-д өөрийгөө ч, намынхаа мөрийн хөтөлбөрийг ч зөв таниулаад гарч ирж чадсан анхны зочин нь Э.Эрдэнэжамъян болсноороо онцлог.

Хэдэн жилийн өмнө түүнийг хэвлэлийн хурал хийж байгаад даргыгаа өмөөрч уйлсан гэхчлэн сошиал даяар шоолсон. Н.Энхбаярын тойрон хүрээлэгч, шадар туслах нь гээд л муучилсан. Бас “уйлж байна, нулимс гаргаж байна гэдэг хүн байгаагийн шинж”, “уйлснаас биш урвасан биш дээ” гэж түүнийг өмөөрөх хүн ч цөөнгүй байсан.

Тэгвэл энэ удаа “Улаан бал”-аас улс төрийн халуун тогоонд чанагдсан, хал үзэж, хат суусан улстөрч Э.Эрдэнэжамъяныг хангалттай харлаа. Ганц энэ ч биш өнгөрсөн он жилүүдэд намыг нь, даргыг нь онилсон “улстөрийн лантуу”-нд давтуулсаар энэ намын залуус ямар тэсвэр тэвчээртэй болсныг, бас улс төрийн тэр халуун тогоонд хэрхэн өсч өндийж, зангарагтай улстөрчид болцгоосныг Э.Эрдэнэжамъян харууллаа. Улс орны хөгжлийн төлөө бодлого бодож, тооцоолол боловсруулж алсыг харсан төсөл төлөвлөгөөг томоор харж чаддаг гэдгээ харууллаа. МАХН-наас өмнө нь Н.Энхбаяр, С.Ганбаатар нар топ улстөрчийн жагсаалтад багтаж байсан бол ийнхүү нэг хүн нэмэгдлээ. Шууд нэвтрүүлгийн коммент хэсэг рүү ороод харахад олон нийтийн үзэл хандлага, дүгнэлт, баримтууд нээлттэй байх тул үүнийг уншигчдад үлдээж, дараагийн нэг онцлох зүйлийг хэлэхэд, ер нь бол сонгууль ойртсон эгзэгтэй мөчид, дээр нь улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийг “4 сарын 1” хэмээн зориуд доог тохуу болгох нь тодорхой байхад улстөрчид “Улаан бал”-д орохгүй л болов уу. Нэвтрүүлгийн постеруудыг харсан үзэгчид Э.Эрдэнжамъяныг гэнэдээд гүйгээд оччихлоо, энэ ч ёстой алууллаа гэцгээж байсан. Гэтэл намынхаа мөрийн хөтөлбөрийг итгэл үнэмшилтэй тайлбарлаж таниулж тэрээр оноо цуглуулж чадсан.

Жирийн иргэн, хувь сонгогч өөрийн төлөө, амьдралынхаа төлөө тоо бодож, тооцоотой амьдарвал саналаа 20 мянган төгрөгөөр худалдах биш цалингаа 5 сая төгрөгт хүргэж, орон сууцанд амьдарч болохыг МАХН-ын мөрийн хөтөлбөрөөс үзэгчид ойлгож авлаа. Э.Эрдэнэжамъян амьдралаас тасарсан онол яриагүй. Тэр бидний амьдрал доторх жишээг л ярьсан. Зээл авч Цагаан сар тэмдэглэдгийг, ахмадууд тэтгэврээ хэдэн сараар барьцаалж өвлийн идэш авдгийг, залуу гэр бүл өөрийн гэсэн гэр оронгүй өрөө түрээсэлж яваад үр хүүхдээ алдаж байгааг, ипотек гэдэг эрлэгийн гинжин хэлхээсэнд бүгд хэрчүүлж байгааг хэлсэн. Тэр ЖДҮ эрхэлдэг жирийн нэг залуугийн зовлонг тоочиж, гутал засвар ажиллуулдаг Долоон буудлын Бат гуай хоосон хонож байгааг дэлгэж, өрх гэр, үр хүүхдээ тэжээх гэж зүтгэж яваа таксины жолооч Дорж орлогогүй хэцүүдэж байгааг дуулгалаа. Том намууд иргэдээ 5 саяын цалинтай байлгах хүсэлгүй, үргэлж ядуу, зүдүү байлгаж сонгуулиар 20 төгрөг өгч саналыг нь авч Монголын төрийг зайдалж ирснийг ойлгууллаа. Өөрийн орондоо ийм боломжгүй, түүнийг эрэлхийлэхийн төлөө толгойгоо ажиллуулж тэмцэх ёстой байтал манай залуус 5 сая төгрөгийн цалин авахаар Солонгос, Япон руу явж эх орон эзэнгүйдэж, өрх гэр өнчирч байгааг ярилаа. Үүнийг өөрчлөх мөрийн хөтөлбөр боловсруулснаа танилцууллаа. Иргэдийн амьдралыг ингэж ойлгож, мөрийн хөтөлбөртөө суулгаж, түүнийгээ “Улаан бал” хэмээх зочноо тангардаг нэвтрүүлэгт орж танилцуулаад бүтэн авч гарч чадна гэдэг МАХН сонгуульд ялснаас өөрцгүй юм. Үзэгчийн хувиар тус нэвтрүүлгээс ойлгож авсан минь ийм байна.

Exit mobile version