Улс төр
С.Баярыг Ё.Цогтзандан шүүнэ
С.Баярыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутгаж Монгол Улсын хууль хяналтын байгууллагаас шалгасан. Түүнд холбогдох хэргийг НПГ-аас энэ сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Гэвч тодорхой шалтгааны улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д заасны дагуу дахин харьяалал тогтоолгохоор болсон тухай “Зууны мэдээ” сонин өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Б.Цогт шийдвэрээ гаргасан байна. Тэрээр Ерөнхий сайд асан С.Баярт холбогдох хэргийг өмнө нь харьяалаад байсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Үүний дагуу Ерөнхий сайд асан С.Баярт холбогдох хэрэг дахин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжжээ. Уг хэргийг тус шүүхийн шүүгч Ё.Цогтзандан шүүхээр болж хавтаст хэрэгтэй танилцаж эхэлсэн байна.
Шүүгч Ё.Цогтзандангийн хувьд анхан шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгчээр олон жил жил ажилласан. Мөн томоохон хэргүүдийг голтой шийддэг гэдгээрээ салбартаа болоод олонд танигдсан шүүгч юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин