Дэлхий

Мэргэжилтнүүд нь зөвлөмж гаргасан ч Дональд Трамп амны хаалт зүүхгүй

Нийтэлсэн

Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын засаг захиргаа шинэ коронавирусийн тахалтай тэмцэх зөвлөмждөө анх удаа амны хаалт зүүх шаардлагыг нэмж оруулсан билээ.

Анхнаасаа коронавирусийн эрсдлийг хүлээн зөвшөөрөх дургүй байсан ерөнхийлөгч Дональд Трамп энэ зөвлөмжийг дагахгүй гэдгээ мэдэгджээ.

Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр Трамп “манай эрүүлийг хамгаалах байгууллага эмнэлгийн бус зориулалттай даавуун амны хаалт хэрэглэхийг зөвлөмждөө нэмсэн. Гэхдээ энэ бол тухайн хүний шийдэх хэрэг. Би лав амны хаалт зүүх бодолгүй байна” гэсэн юм.

Харин түүнтэй ирэх арваннэгдүгээр сард өрсөлдөх магадлалтай болоод байгаа Ардчилсан Намын Жо Байден амны хаалт зүүх бодолтой байгаагаа Ням гарагт хэвлэлд ярьжээ.

Сэтгүүлч түүнээс зөвлөмжийг дагах эсэхийг асуухад Байден “Тэгэлгүй яахав. Шинжлэх ухааны дүгнэлт, экспертүүдийн зөвлөгөөг дагах нь хүн бүрийн хийх ёстой зүйл” гэж хариулсан байна.

Өнгөрсөн долоо хоногт коронавирусийн халдвар тарсан АНУ-ын тэнгисийн хөлгийн ахмадыг Пентагоноос тусламж хүссэн захидал бичсэнийх нь төлөө ажлаас халсан билээ.

Тэгвэл энэ асуудлаар Трамп, Байден нар эсрэг тэсрэг байр суурьтай байгаа нь өнгөрсөн амралтын өдрүүдэд тодорхой болжээ. Бямба гарагт Дональд Трамп хэлэхдээ “Захидал бичсэн нь ноцтой алдаа. Энэ бол уран зохиолын хичээл биш. Цөмийн хөдөлгүүртэй аварга хөлгийн ахмад ингэж болохгүй” гэж хэлсэн байна.

Харин Обамагийн засаг захиргаанд дэд ерөнхийлөгчийн алба хашиж байсан Жо Байден “Ахмадыг албан тушаалаас чөлөөлсөн нь бараг гэмт хэрэгт тооцогдох үйлдэл. Ахмад усан цэргүүдээ аврахын тулд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсэн. Шийтгэхийн оронд харин ч магтах ёстой” гэж мэдэгджээ.

Номхон далайд үүрэг гүйцэтгэж байгаа АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч USS Theodore Roosevelt хөлөг дээр коронавирусийн халдвар дэгдсэнээс нийт 4,000 орчим усан цэргийн 100 гаруй нь өвчилсөн юм. Хөлгийн ахмад Брэтт Крозер усан цэргүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлж, тусгаарлах арга хэмжээ авахыг флотын захиргаанд хүссэн захидал бичиж байв. Түүний захидал хэвлэлд ил болсны дараа Пентагон ахмадыг ажлаас нь чөлөөлжээ.

Эх сурвалж: The Guardian

Exit mobile version