Улс төр

Сонгуулийг цахимаар хийх технологийн шийдэл байгаа

Нийтэлсэн

Covid-19 вирусийн тархалттай холбоотой дэлхий нийтээрээ хөл хорионд ороод байгаа энэ үед дэлхийн олон улс цахимаар хуралдаж, зарим улс нь сонгуулиа цахимаар явуулах шийдэл гарч байна. Монгол Улсын хувьд ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгуулийг цахимаар явуулж болох уу?, блокчейн технологийн хөгжил хаана явж байна вэ, энэ технологи хөгжих нь ямар ач холбогдолтой талаар Степпе групп ХХК-ийн Бизнес хариуцсан захирал Д.Болдбаатартай ярилцлаа.


-Блокчейн технологийн талаар манай улс яриад багагүй хугацаа өнгөрч байна. Нийтээрээ хөл хорионд байгаа энэ үед аливаа бизнес, улс төрийн үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж, тренд болж байна шүү дээ. Энэ технологийн хөгжлийн явцын талаар яриагаа эхэлье?

-Энэ асуултад хариулахаас өмнө блокчейн технологи яагаад үүсэв гэдэг талаар товч түүх ярья. Өнөөдөр дэлхий нийт covid-19 цар тахлаас үүдэлтэй банк, санхүү, эдийн засгийн гүнзгий хямралд өртөж,  удаан үргэлжлэх төлөвтэй байна. Үүнтэй адил 2008 онд АНУ-аас эхлэлтэй орон сууцны замбараагүй зээлээс үүдэлтэй санхүүгийн хямралд дэлхий нийтээрээ өртөж, хөрөнгийн зах зээл 50-60 хувь унаж, олон мянган компани бизнесүүд дампууран, олон сая хүн ажил орлогогүй болж, орон байраа алдан, амьдралаараа хохирсон байдаг. Хямралаас гарахын тулд төв банкнаас хэргийн эзэд хямралын буруутан болох хариуцлагагүй банкны эзэд захирлуудад хариуцлага тооцох гэхээсээ илүүтэй харин ч банкуудыг нь мөнгөөр угжих зайлшгүй шаардлагатай тулгарсан байдаг. Эс тэгвээс банк санхүүгийн салбар системээрээ нурж унах аюул бодитоор нүүрлээд байсан бөгөөд ийм эрсдэл үүрэх улс төрийн хүч, засаг төр ардчилсан засаглалтай ямар ч улсад байх бололцоогүй юм. АНУ эдийн засгаа сэргээж, Доу-Жоунсын индекс хямралын өмнөх хэмжээнд хүрэх хүртэл таван жил зарцуулсан.

-Энэ систем шударга систем мөн үү. Буруутнууд нь хожиж, энгийн ард иргэд хямралын цохилтыг нуруун дээрээ үүрдэг ийм тогтолцоо байж болох уу?

-Энэ асуултын хариу болж Биткойн 2009 онд мэндэлсэн гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй. Биткойныг зохиогч Сатоши Накамото хэмээх хэн нь мэдэгдэхгүй хэнд ч харагдаагүй нөхрийг дурдахгүй байж бас болохгүй байх. Биткойн нь үргэлж авлигад өртөж байдаг төв банк хэмээх төвлөрсөн удирдлагатай банк санхүүгийн системийн шаардлагагүй peer to peer буюу дундын зуучлагч хэрэггүй төлбөр тооцооны шинэ систем юм. Биткойныг мөнгөний хөгжлийн зүй ёсны дараагийн хувилбар гэж үзэж болно. Програмчилсан мөнгө ч гэсэн болно.

Мөнгөний эрх мэдлийг, ашгийг нь өөрсдөө хувьчилчихаад алдагдлаа нийгэмчилчихдэг хүчтэй, эрх мэдэлтэй цөөнхийн савраас жирийн хүний гарт атгуулах гэсэн гэгээн мөрөөдөл биткойныг бүтээгчдэд байсан байдаг.

Биелэх эсэхийг мэдэхгүй. Гэхдээ түүнийг бүтээхэд дагалдаж бий болсон блокчейн хэмээх технологи олон эерэг өөрчлөлт бидний амьдралд авчирна гэдэгт эргэлзэхгүй байна.

Биткойныг бүтээхдээ тухайн үед байсан хэд, хэдэн технологиудыг нийлүүлж, дизайны өвөрмөц шийдлийг гаргаж ирсэн байдаг бөгөөд цогцоор нь блокчейн технологи гэж нэрлэх болсон юм.

Биткойн бол блокчейн технологийг хүнд таниулсан анхны бүтээгдэхүүн. Блокчейны дараагийн далайцтай том төсөл нь итирум байсан. Түүнээс хойш арав гаруй жил өнгөрлөө. Энэ технологиуд руу их мөнгө цутгасан, их хөрөнгө оруулалт орсон, олон авьяастай хүмүүс энэ салбар руу эргэлт буцалтгүй орсон гэж хэлж болно.

Үүний дараагийн нэг үзэгдэл бол ICO. Энэ нь IPO-гийн блокчейн хувилбар бөгөөд өнөөдөр STO гээд дараагийн шатандаа хөгжөөд явж байна. IPO бол уламжлалт санхүүгийн зах зээлээс мөнгө босгохыг хэлдэг. IPO гаргах маш хэцүү. Өндөр шаардлагатай, өртөг ихтэй нүсэр ажил. Тиймдээ ч цөөхөн компани гаргадаг. ICO бол IPO-тай философ нь адилхан. ICO бол итирум биткойны төлбөр тооцооны экосистем ашиглаад блокчейнтэй холбоотой янз бүрийн санаанууд дээр төсөл бичээд мөнгө босгоно гэсэн үг. 2016, 2017 он ICO-ийн ид оргил үе нь байсан. Үүнд алдсан нь ч бий, оносон нь бий. Ямартай ч хувь хүнд илүү эрх чөлөө сонголт олгосон оролцоо хангасан шинэ мөнгө санхүүгийн систем ажиллаж болохыг харуулсан юм.

Сүүлийн хэдэн жил юу болж байна бэ гэхээр блокчейн технологийг ашигласан хүнд хэрэгтэй нийтийн хэрэглээ болсон бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах өрсөлдөөн явагдаж байна. Энэ өрсөлдөөнд цахиурын хөндийн технологийн гигантууд, санхүүгийн том инститүүцүүд ороод ирчихсэн ид өрсөлдөөд явж байна.

-Тухайлбал ямар компаниуд энэ технологийг ашиглаад бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах гээд явж байна бэ?

-Та бидний хамгийн сайн мэдэх “Фейсбүүк” компани. Тус компанийн санаачилгаар “Либра” гээд төсөл эхэлчихсэн явж байна. Уламжлалт цахим мөнгөний нэлээд хэдэн бүрдлүүдийг ашигласан либра нь хагас төвлөрсөн төлбөр тооцооны цоо шинэ систем юм.

-Либра ямар асуудлыг шийдэх боломжтой вэ?

-Биткойн бол маш их савалгаатай цахим мөнгө.10 минутийн дотор 10% дээш, доош савлах юу ч биш. Ийм мөнгөөр төлбөр тооцоо арилжаа наймаа хийнэ гэхэд хэцүү биз дээ. Биткойн өсөх юм бол бүтээгдэхүүнээ зарсан хүн хожно, худалдаж авсан хүн нь хохирно. Биткойн унавал энэ үзэгдэл эсрэгээрээ эргэнэ. Савалгааны эрсдлийг арилгах зорилгоор stablecoin гэсэн технологийн шийдэл гараад ирсэн. Либра бол stablecoin- ий нэг төсөл. Либра худалдаж авсан буюу либра руу хувирсан  ам.доллар эсвэл евро бүр тусгай сан руу орж баталгаа болон аль нэг кастадион банканд хадгалагдана. Нэг үгээр хэлбэл бодит мөнгөтэй уячихсан. Ханш нь ам.доллар эсвэл евроны ханшнаас л хамаарна. Наана нь либра крипто цахим мөнгөний давуу чанаруудыг хадгалсан төлбөр тооцооны хэрэгсэл болон эргэлдээд цаана нь банкинд ам.доллар, евро баталгаа болон хадгалагдаад байж байна гэж ойлгож болно. Либра буцаад ам.доллар, еврод хувирлаа буюу хүн либрагаа ам.доллараар солилоо гэхэд тэр либра нь автоматаар устаж байх ёстой. Хэчнээн хэмжээний либра эргэлтэд байна төдий хэмжээний ам.доллар цаад санд нь байна гэсэн үг.

-Блокчейн технологийн хамгийн их нөлөө үзүүлж болохоор салбар бол санхүүгийн салбар юм аа даа?

-Тийм ээ. Блокчейн технологийн хамгийн нөлөө үзүүлэх салбар бол банк, санхүүгийн салбар буюу мөнгөний зах зээл. Санхүүгийн салбарын үндсэн үйлчилгээ бол нэгдүгээрт төлбөр тооцоо, хоёрдугаарт зээл. Хоёр хүний хооронд хийгдэж буй төлбөр тооцоог гүйцэтгэн өгч, түүнээсээ шимтгэл авдаг. Тэрхүү шимтгэл нь банкны ашиг. Нөгөөх нь, А хүний мөнгийг тодорхой хэмжээний хүүтэй хадгалаад дундын зуучлалын үйлчилгээ үзүүлэн, өөр хэрэгтэй хүнд нь зээл маягаар өгч хүүгийн ашиг хийдэг. Санхүүгийн салбарын мөнгө хийдэг үндсэн арга нь энэ хоёр. Яг энэ хоёр үйлчилгээ, тэртусмаа төлбөр тооцоо дээр блокчейн технологи маш том өөрчлөлт бодитоор бий болгох бүрэн боломжтой. А хүнээс Б хүнд мөнгө шилжүүлэхэд банк дунд нь зуучилж байна, зардал, цаг хугацаа орохоос гадна эрсдэлтэй. АНУ-д хоёр хүний нэг нь дор хаяж нэг удаа кибер халдлага өртөж, ямар нэг байдлаар хохирсон байдаг. Ийм тохиолдол маш их. Нэг үгээр хэлэхэд банк санхүүгийн салбарт өөрчлөлт шинэчлэл хийх орон зай энэ технологид хангалттай байгаа.

-XXI зуун финтек компаниуд хүчээ авч байна. Тэд үүнийг заавал блокчейн гэлтгүй хийх боломжгүй гэж үү?

Одоо байгаа финтекүүд бидний хэрэгцээ шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлчилгээ заавал блокчейн гэлтгүй хийж болж байгаа. Либра олон улсын гүйлгээн дээр том ялгаа гаргаж байгаа юм. Тухайлбал, би АНУ-аас 100 ам.доллар Монгол руу шилжүүлье гэвэл 30 ам. долларын шимтгэл төлөх хэрэгтэй болно. 7 доллар ам.төлөөд western union ашиглаж болно л доо. Гэхдээ л дэндүү үнэтэй байгаа биз. Монгол дотроо мобайл банкаа ашиглаад 500 төгрөгийн шимтгэл төлөөд 5, 10 мянган төгрөг бие биен рүүгээ шилжүүлдэг шиг Солонгост байгаа эгч чинь хэрвээ 10 мянган төгрөгийг 100 төгрөгийн шимтгэл төлөөд чам руу шилжүүлж болдог болчихвол ямар байна. Либра ийм боломж л бий болгох гээд байгаа юм. Хурд нь яг СМС шиг хэр нь зардал нь маш бага хил хязгаарт баригддаггүй шинж чанартай ийм мөнгө бий болчихоор бидний амьдрал худалдаа наймаа хоорондын харилцаанд маш том өөрчлөлт гарах нь ойлгомжтой.

-Үүнээс хэн хохирох вэ?

-Хамгийн эхэнд цохилтод орох салбар нь арилжааны банкууд. Блокчейн зөвхөн төлбөр тооцоон дээр банкуудыг байдалд оруулаад зогсохгүй. Бонд, хувьцааны либра шиг шинэ мөнгө санхүүгийн систем дээр ажиллах блокчейн хувилбарууд гарч ирэх л болно. Бага багаар туршигдаад энд тэнд хэрэгжээд явж ч байгаа. Харамсалтай нь Либра төсөл АНУ-ын конгрессийн гишүүд, хууль тогтоогчид, улстөрчдийн их эсэргүүцэлтэй тулгарч байна.

-Яагаад тэр бэ?

-Мэдээж, банкны лобби байгаа байх. Хоёрдугаар фейсбүүк дэндүү хүчтэй болчихно гэсэн айдас байна. Өнөөдөр дэлхийн хоёр тэрбум хүн өдөр бүр фейсбүүк орж байна. Иймээс либра нийтийн хэрэглээ болж глобал цахим мөнгө болох магадлал маш өндөр. Учир нь, фейсбүүкийн эко орчинд хэдэн арван тэрбум ам.долларын маш олон бизнесийн үйл ажиллагаа явж байна. Тэдэнд либрагаар хүмүүсийг төлбөр тооцоогоо хийдэг болгох хангалттай хөшүүрэг нь байна. Бизнесүүд өсч тэлэх боломж нээгдэнэ.

Сөрөг тал гэвэл Фейсбүүк биднийг хэтэрхий сайн мэддэг.

Хэрвээ хүмүүсийн хувийн мэдээлэл дээр нэмэгдээд санхүүгийн мэдээлэл чинь фейсбүүкийн гарт орчих юм бол дийлдэхгүй “мангас” гарч ирнэ гэж АНУ-ын улстөрчид болгоомжлоод байгаа юм.

Чиний нас, хүйс, угсаа гарал юунд дуртай дургүй, аль улс төрийн намыг дэмждэг, дэмждэггүй, хотынх уу, хөдөөнийх үү, прүүстэй юу, прүүсгүй юу гэдгийг чинь мэддэг шигээ дээр нь нэмээд юу худалдан авч байгаа, хаагуур үйлчлүүлж байна, хэдэн төгрөгтэй байна, мөнгө үрэх ямар дадалтай болох, үрэлгэн үү үгүй юу фейсбүүк дээр харагддаг шигээ баян уу үгүй юу гэдгийг чинь мэддэг болчихвол аймаар биш үү. Фейсбүүкийн бизнес модел дата дээр хиймэл оюуны алгоритм ажиллуулж бизнесүүд болоод улстөрчдөд оновчтой маркетинг хийж өгч, мөнгө хийдэг. Фейсбүүк дэндүү хүчирхэг болчихвий гэсэн болгоомжлол байна. Болгоомжлох нь ч аргагүй. Учир нь шинэ ирж буй цагийн “газрын тос” бол дата. Фейсбүүк яах аргагүй АНУ-ын сонгуульд нөлөөлсөн гэдэг нь үнэн. 50 сая хүний мэдээллийг зарсан байдаг. Энэ нь Трампыг ялахад их нөлөөлсөн. Иймээс Ардчилсан намынхан фейсбүүкт их дургүй.

Фейсбүүк бол датаны хувьд Саудын арабын газрын тосны бассейн л гэсэн үг. Иймээс либра гээд төсөл жаахан бэрхшээлтэй байна. Гэхдээ либрагийн технологи дизайн талаасаа илүү сайжруулсан Село гээд төсөл гараад ирчихсэн байна.

Либра төслийн ард либра ассоциаци гээд бий. Түүнд дор хаяж тэрбум ам.долларын үнэлгээтэй 30-аад компани энэ ассоциацын гишүүн. Тэдний зарим нь Село–гийн үүсгэн байгуулагчдынх нь тоонд орчихсон явж байна. Энэ хоёр төсөл холбоотой ч байж магадгүй, ямар ч байсан глобал stablecurrency гарах нь тодорхой.

Улстөрчид болон банкуудтай учраа олсон дундын ямар нэг хувилбар нь  явж л таараа. Хамгийн муугаар бодоход л Fed буюу АНУ-ын төв банк ам.долларын блокчейн хувилбарыг гаргах болов уу. Яагаад гэвэл тэдэнд Хятад гэж өрсөлдөгч байгаа.

-Монгол Улсад биткойн, блокчейн технологийн талаар нэлээд яригдаж байсан үе саяхан. Өнөөдөр хэр хөгжиж байгаа юм бол?

-Монголд бол хөгжих ёстой. Ярьсаар байгаад хоцорч болохгүй. Би өнгөрсөн жил зургаан сар Монголд байсан. Аливаа технологи хөгжихөд эко орчин заавал хөгжих хэрэгтэй. Эко орчин бол худалдаж аваад тавьчихдаг тавилга биш. Монгол шиг ядуу оронд зардал багатай хийж чадах хамгийн эхний юм бол хууль эрх зүйн орчин. Үүний тулд улстөрчид болон шийдвэр гаргах түвшний дарга нарт блокчейн гэлтгүй технологи, инноваци, финтекийн салбар монголын эдийн засгийг урд хөрш рүү гардаг уул уурхайн экспортийн хамаарлаас багасгах потенциал байна гэдгийг ойлгуулах хэрэг гарна. Тэр хууль зүйн орчин нь боловсролыг дэмжсэн хөрөнгө оруулалтын болоод татварын таатай нөхцөл бизнесүүдэд олгосон хүнд сурталгүй төрийн үйлчилгээ, хууль дүрэм журам нь ойлгомжтой байх ёстой. Дээрээс нь олон юм зөв хийж мөн хэвшүүлж байж эко орчин бий болно. IT чиглэлийн боловсролтой залуучууд манай улсад хэрэгтэй. Энэ салбарт ажиллах боловсон хүчин, түүнийг дэмжих, сонирхолтой төслийг нь санхүүжүүлэх хөрөнгө оруулагчид гэх мэт олон зүйл нэг өдөр бий болчихдоггүй. Сайн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд суурь дэд бүтэц болох sandbox-ийн журмыг нь боловсруулахад Монгол банк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан ажлын хэсэгт ороод ажилласан. Харамсалтай нь ажил хэрэг болоогүй.

Монголд бол блокчейн технологи дээр яах аргагүй тууштай ажиллаж байгаа компани бол ITOOLS,  ICT компаниуд байна. Хөрөнгийн биржийн платформ хийчихсэн гэсэн. Гэтэл түүнийгээ одоо болтол зах зээлд нэвтрүүлсэн гэж сонсогдоогүй л байна.

Монголын IT –ын хамаг гайгүй залуучууд АНУ-руу гарчихсан байна. Монголд ажиллаад хангалттай цалин хөлс авах бололцоогүй болоод бүгд гадагшаа гарцгааж байна. Чикагод гэхэд л 200-300 залуучууд байна. Тэдгээр залуучуудаа түшиглээд хэд хэдэн төслүүд дээрээ баг босгох гээд явж байна.

Гадагшаа чиглэсэн энэ урсгалыг зогсоох бололцоо одоохондоо байхгүй. Ядаж л яаж гараад явчихсаныг нь буцааж авчрах вэ гэдгийг бодож хууль эрх зүйн орчноо бий болгох тал дээр толгойгоо ажиллуулмаар байгаа юм.

Жишээ нь бид шинэ төсөл дээрээ компани байгуулья, хаана бүртгүүлэх вэ гээд бодож эхлэхэд хамгийн түрүүнд Сингапур Хонгконг толгойд орж ирж байх жишээтэй. Яагаад хүний толгойд Монгол гэсэн хувилбар орж ирж болохгүй гэж. Үүний төлөө л тэр эко систем гэдгээ бодож урлах ёстой байгаа юм.

-Сүүлийн үед монголчууд цахим шилжилтийн тухай сайхан зүйлс их ярьж байна. Тэгэхээр тодорхой хэмжээнд улстөрчид, ард иргэд нь ойлгоод эхэлж байгаа юм биш үү?

-Ямар ч байсан төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжих процесс явж л байна. Гэхдээ өнгөрсөн жилээс Эстони улс шиг болгох том ажил эхэлсэн байх учиртай. Эстони шиг л болчихвол сайхан л байна. Ямар шатандаа яваа мэдээлэл байхгүй байна.

Блокчейныг ашиглаж үр дүнтэй, нийгэмд хэрэгтэй бодитой ялгаа гаргах төсөл гэвэл санал хураалтын платформ л байна.

Коронавирустэй холбоотой сонгуулиа хойшлуулах, хойшлуулахгүй асуудлаар маргаж байгаа энэ үед ядаж л олон түмэнд ялангуяа улстөрчдөд вирустэй, вирусгүй бид сонгуулиа цахимаар явуулчих технологийн шийдэл байгаа шүү гэдэг мэссэж энэ ярилцлагаараа хүргэж чадвал сайн л байна.

-Энэхүү технологийг сонгуульдаа ашигласан улс орны жишээ юу байна вэ?

-Эстони улс бол парламентийнхаа сонгуулийг онлайнаар хийгээд олон жил болчихсон. АНУ жаахан хойрго хандаж байна. Том улс болохоор аргагүй биз. Баруун Виржинад хилийн чанадад ажиллаж буй цэргийхний саналыг блокчейн технологи дээр хөгжүүлсэн аппликейшнээр амжилттай авч туршсан байдаг. Одоохондоо өөр сонгуульд ашиглах талаар сонсогдохгүй байна. Эцсийн эцэст улстөрчид л шийдвэр гаргана. Тийм болохоор асуудал ганц технологийн асуудал биш болоод явчихдаг гажиг АНУ-д ч байна.

ОХУ-д бол Яблоко гэж улс төрийн нам дотоод сонгуулиа явуулахдаа блокчейн технологид суурилсан апп ашигласан байдаг. Бэлэн аппликейшн хэд хэд бий. Монголын ITOOLs -ийн залуучууд ч хийвэл хийчихнэ. Ихэнх код нь open source байдаг тул дууриалгаад монголдоо таарсан аппликейшн хийж болно.

Нэг аюул бий. Сонгуулиар санал худалдаж авдаг зүйл бий. Энэ нь эрсдэл дагуулж магадгүй.

-Тодруулбал?

-Саналаа өгчихөөд хэнд өгсөн бэ гэдгээ скрийшот хийгээд тухайн хүн нотлох баримттай болчихно. Цаасаар санал өгөхөд хуудсаа хайрцаг руу хийгээд гардаг. Хэнд саналаа өгснөө нотлох бололцоо байхгүй. Энэ зүйл гар утас руу яваад орчихвол хэний төлөө өгсөнөө нотлох болоцоотой болчихно. Энэ сул талыг санал худалдаж авахад ашиглаж болох эрсдэлтэй. Саналаа зарсанаас худалдан авч байгаа хүнээ илчилсэн нь хэрвээ тухайн хүндээ хэдэн арав дахин ашигтай байх хууль эрх зүйн зохицуулалт байгаад тэгээд тэр нь яс хэрэгждэг бол эрсдэлийг эрс бууруулж болно.

Блокчейн технологийг хөгжүүлэхийн ач холбогдолыг юу гэж харж байна вэ?

-Ганц л жишээ гэхэд миний энэ яриад байгаа санал асуулгын платформ. Бид улс төрийн цахим намын төсөл бичиж байсан.

Монголын улс төрд байдаггүй зүйл бол итгэлцэл, дутагддаг зүйл гэвэл ил тод байдал, санхүүжилт. Блокчейн технологийг мөн итгэлцлийн машин ч гэж ярьдаг. Жишээлбэл, өнөөдөр бидний хэдэн хувь нь АН-ын даргын сонгуульд С.Эрдэнэ шударгаар ялсан гэдэгт итгэдэг вэ? АН-ын Ерөнхийлөгчийн сунгаанд Х.Баттулга, Р.Амаржаргалыг шударгаар ялсан гэдэгт чи жишээлбэл итгэдэг үү. Итгэдэг

Би жишээлбэл итгэдэггүй.

Яагаад гээд өөрсдөөсөө асууяалдаа .

Чамд итгэл, надад хардалт

Сонгууль гэдэг чинь итгээд эсвэл үл итгээд байдаг бурхан шашин биш нүдэнд харагдаж гарт баригдаж тоолж болдог нэр дугуйлсан цааснууд. Алсын хараа гэдэг шиг хийсвэр бус бодит зүйл. Сонгуулийн үр дүнд зөвхөн итгээд эсвэл хардаад байвал тэр намын даргын легитим чанар юу болж хувирах вэ. Намын эв нэгдэл бодлого төлөвлөгөө яаж явах вэ. Тэр хүнд дургүй ч байсан хэрвээ шударгаар өрсөлдөөд гараад ирсэн гэдэгт нь эргэлзэхгүй байна гэдэг тэр хүмүүсийн хоорондын харилцаа хандлагад асар том ялгаа гаргана.

-Блокчейн технологи өөрт чинь, санал чинь найдвартай тоологдож хэн ч өөрчилж устгаж чадахгүй гэдэгт эргэлзэхгүй байх  итгэл үнэмшлийг өгнө.

Нам л болсон хойно дотоод сонгуулиас гадна янз бүрийн асуудлаар байнга л шийдвэр гаргаж байдаг. Энэхүү шийдвэр гаргадаг процесс гар утас руу яваад орчихвол итгэлцэлээс гадна оролцоо бий болно. Өнөөдөр намын үүрийн хурал гэхээр ихэвчлэн 60 дээш насны хөгшчүүд очдог, саналаа өгдөг. Залуучууд байхгүй. Аливаа улс төрийн намын гаргаж буй шийдвэр нь анхан шатны нэгж үүрээсээ дээшээ явдаг. Тэр доор, үүрийн хурал дээр гарч буй шийдвэрт залуучуудын оролцоо байхгүй байна. Эрүүл саруул ухаантай хүн ороод суухын аргагүй хурлын бичлэгүүд чи үзэж л байсан байх. Хэвийн боов, гурил, будаа, 20-30 мянган төгрөгийн хахууль нийтлэг. Сошиал хараад байхад улс төрийн идэвхтэй хүмүүс нь голдуу ядуу боловсролгүй заримынх нь сэтгэцийн эрүүл мэндэд нь эргэлзээ төрөхөөр байх нь нийтлэг. Үүнийг эрүүл саруул хэсгийнх нь оролцоог ялангуяа залуучуудын оролцоо нэмэгдүүлж байж л тэдний нөлөөг багасгана. Оролцоо, санал нь бодитоор тоологдоод шийдвэр гаргах түвшинд нөлөөлөөд эхлэвэл энэ улс төр өөрөө цэвэршээд, улс төрийн процесс шинэ шатанд гарах боломжтой. Цахим нам төслийн маань амин сүнс нь энэ итгэлцлэлийн машин гээд байгаа блокчейн технологид суурилсан санал хураалтын платформ юм. Ач холбогдлын талаар ганц жишээ авахад ийм байна.

-Блокчейн технологиос гадна манай улс сүүлийн үед Хур системийг хөгжүүлж байна. Үүнийг сонгуульд ашиглах бололцоотой талаар зарим намын төлөөлөлүүд ярьж байна. Энэ хэр найдвартай систем бэ?

-Хэрвээ кибер хадлага хийе гэвэл хур систем бололцоотой. Орос, хятадууд бидний бүх мэдээллийг мэддэг гэхэд би огт эргэлздэггүй. Бид халдлагад өртөж буйгаа мэддэггүй. Хоёр хөршийн технологийн салбар ямар өндөр түвшинд хөгжчихсөн байна гэдгийг бүгд мэднэ. Хур систем блокчейн технологиос ялгаатай нь төвлөрсөн дата бааз, ганцхан газарт төвлөрч байна. Түүнийг өөрчлөх, устгах бололцоо үргэлж байна. Барилгын яам платформоо хакердуулсан гашуун туршлага бий. Мэдээж, хур системийн аюулгүй байдал талдаа ажиллаж байгаа байх.

Хур систем ашиглаад биднийг таниж бол чадна. Та бидний хурууны хээ, регистрийн дугаар утасны дугаар гэх мэт хэд хэдэн давхар шалгалтаар та биднийг найдвартай таних бол бололцоотой. Тэр утгаараа хэн гэдгийг чинь таниад хэнийг дугуйлсаныг чинь тоолчих программ хийхэд амархан.

Хамгийн гол нь сонгуулийн үр дүнг яаж хамгаалах вэ гэдэг л  асуудал. Үүн дээр блокчейн тодорхой шийдэл мөн үү гэвэл мөн. Чиний өгсөн саналыг өөрчлөх боломжгүй, устгаж алга болгохгүй. Ганц аюул нь скрийншот л байна даа.

Exit mobile version