Улс төр

Б.Гарамгайбаатар, Б.Батбаярын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч сэргээн шалгаж байна

Нийтэлсэн

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар шинэ хууль энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс хойш хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн юм.

Иймд Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд мөн нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Өндөр албан тушаалтнуудын нэр холбогдсон, улсад онц их хохирол учруулсан хэргүүдийн мөрдөн шалгах, шүүх ажиллагаа олон жил сунжирдаг. Зарим нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болдог нь олон нийтийг ихээхэн бухимдуулдаг.

Зургаан хэрийг прокуророос сэргээж, дахин шалгаж эхэлжээ.

Тэгвэл 2012-2016 оны хооронд УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажилласан Б.Гарамгайбаатар болон Н.Батбаяр нарт холбогдох хэргийг шалгаж байна гэж УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд мэдээлэв.

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг Б.Гарамгайбаатарын хамаарал бүхий “Монроуд” компанид авто замыг барих тендерийг эрх мэдлээ хэтрүүлэн өгсөн, энэ шийдвэрт таныг нөлөөлсөн гэж буруутгаж байгаа юм.

Харин АТГ-ын мөрдөн байцаагч А.Цэдэн-Иш 2019 оны арван нэгдүгээр сарын 6-ны өдөр прокурорт Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай мөрдөгчийн санал хүргүүлжээ. Түүний саналд “Хэргийг шалгасны үндсэн дээр “Энэ хавтаст хэргээс яллагдагч Б.Гарамгайбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Нийслэлийн прокурорын газарт өгөв” гэсэн байна.

Эрүүгийн шинэ хууль хэрэгжиж эхэлснээр Улсын прокурорын ерөнхий газраас 2017-2020 оны нэгдүгээр сарын 20-ны хооронд хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон хэргүүдийн судалгааг гаргажээ. Нийт 12 хэрэг байснаас 6 хэргийг прокуророос сэргээж, дахин шалгаж эхэлжээ.

Сэргээн шалгаж буй дөрвөн хэргийн хоёрыг Нийслэлийн прокурор, хоёр хэргийг орон нутгийн прокурорууд шалгаж байна. Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн хэрэг, Хэнтий аймгийн нэг компанийн захиралтай холбоотой гэх мэт хэргүүдийг сэргээжээ.

Эрүүгийн хуульд нэмж оруулсан, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтууд

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.
Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно.
Энэ хуульд бүх насаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг, хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй.
Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш таван жил байна гэсэн заалтуудыг Эрүүгийн хуульд нэмсэн юм.

Exit mobile version