Дэлхий

Дональд Трамп хоёр дахь өдрөө ДЭМБ руу довтлов

Нийтэлсэн

Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн халдвараар манай дэлхийн 1.5 сая хүн өвчилсний бараг дөрөвний нэг нь буюу 400,000 гаруй өвчтөн АНУ-д оногдож байна.

Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлийн хурлын үеэр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) тахлыг газар авхуулсан буруутай гэж мэдэгдсэн юм.

Тахал анх дэгдэх үед ДЭМБ коронавирус хүнээс хүнд халддаг нь батлагдаагүй гэж мэдэгдэж байсан, дараа нь тахлын голомт Хятад улс руу хийдэг нислэгээ зогсоохгүй байх, хилээ хаахгүй байхыг улс орнуудад уриалж байсан зэрэг нь өнөөдөр нөхцөл байдал хүндрэх шалтгаан болсон гэж Трамп шүүмжилж байв. Хэрвээ тухайн үед ДЭМБ зөв дүгнэлт, зөвлөмж гаргасан бол АНУ-ын нөхцөл байдал өнөөдөр өөр байх байсан гэж Трамп хэлсэн юм.

Үүний дараа ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус коронавирусийн тахлыг улстөржүүлэхгүй байхыг АНУ-д уриалж, цар тахалтай тэмцэхэд дэлхий нийтийн эв нэгдэл, хамтын ажиллагаа чухал болохыг онцолж байжээ.

Харин өчигдөр буюу Лхагва гарагт Трамп дахин ДЭМБ руу довтолж эхэлжээ.

Тэрээр энэ удаа ДЭМБ ба Хятад улсын харилцааг шүүмжилсэн байна. АНУ хамгийн том санхүүжүүлэгч нь боловч ДЭМБ үргэлж Хятадыг дэмжсэн, хамгаалсан бодлого явуулдаг гэж Трамп шүүмжилжээ.

Өнгөрсөн онд АНУ тус байгууллагад $450 саяын санхүүжилт хийсэн бол Хятад улс $42 саяыг төлсөн тухай тэр харьцуулж ярьсан юм.

Их мөнгө төлсний үр дүн гарахгүй байгаа тул АНУ ирэх жилээс ДЭМБ-ын санхүүжилтээ эргэж харах, танах арга хэмжээ авч болзошгүйг Трамп анхааруулжээ.

Хятадад 2019 оны сүүлээр эхэлсэн шинэ коронавирусийн дэгдэлтийг ДЭМБ энэ оны гуравдугаар сарын 11-нд л дэлхийн хэмжээний цар тахал болсныг хүлээн зөвшөөрч байв. Зарим судлаачид, мэргэжилтнүүд үүнийг хэтэрхий оройтсон арга хэмжээ гэж үздэг юм.

Эх сурвалж: CNN

Exit mobile version