Эдийн засаг

НӨАТ-ыг бууруулах санаачлага ба Сангийн сайдын харалган бодол

Нийтэлсэн

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хаврын чуулганы нээлттэй зэрэгцэн НӨАТ-ыг бууруулах тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг шаардав. Хуулийн төслийг бүр оны өмнө өргөн барьсан боловч хууль тогтоогчид болон Засгийн газраас дэмжлэг авалгүй өдий хүрсэн билээ. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар түүний энэ шаардлагыг “улс төрийн популизм”, “эдийн засгийг сүйрүүлэх бодлого” хэмээн нэрийдэв.

Ингэхэд НӨАТ гэж юу вэ?

Энэ бол хувь хүнд шууд ногдуулдаггүй боловч тухайн хүний худалдаж авсан бараа, үйлчилгээнд ногдуулсан шууд бус хэлбэрийн татвар юм. Онолын хувьд НӨАТ нь үйлдвэрлэл,үйлчилгээнд оролцогчдын бараа, үйлчилгээний нэмэгдүүлсэн өртөгт ноогдсон татвар боловч НӨАТ-ыг төлөгч нь бүтээгдэхүүн,үйлчилгээг мөнгөөр худалдан авч байгаа эцсийн хэрэглэгч болдог. Харин үйлдвэрлэгч, эсвэл борлуулагч нь НӨАТ-ыг зөвхөн эцсийн хэрэглэгчдээс хураан авч улсад тушааж байгаа л хэрэг юм.

Энэ утгаараа манай улсын татварын хамгийн том бааз суурь НӨАТ төлөгчид. Гудамжинд гүйлга гуйж байгаа ажилгүй нэгэн, сүүлчийнхээ зоосоор шил архи авч байгаа архичин ч бай НӨАТ төлдөг гэсэн үг.

Эдийн засагчдын хэлж буйгаар НӨАТ-аас жилдээ хоёр их наядаас илүү төгрөгийг төсөвт төвлөрүүлдэг байна. Тиймээс хэрвээ татварын хувь хэмжээг бууруулаад таван хувь болгочихвол тал нь сох дутна гэдгээс Сангийн сайдад айж буй хэрэг. Харин НӨАТ-ыг бууруулах нь улс төрийн популизм, улсаа нураах гэсэн бодлого мөн үү?

Яагаад НӨАТ-ыг хэрэглэдэг вэ?

Дэлхийн улс орнууд НӨАТ-ыг хэрэглэх болсон нь тэдгээр улсуудын татварын тогтолцоо нь тухайн улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, ард түмний байнга өсөн нэмэгдэж байгаа үйлдвэрлэл, хэрэглээ зэрэг тухайн нөхцөл байдалтай тохирохгүй болсонтой шууд холбоотой байжээ. Тухайлбал,

-Мөрдөж байгаа худалдааны татварын хууль нь хийдэл ихтэй байх,

-Тухайн улсын гаалийн албанаас экспорт, импортод ялгавартай хандах татварыг үгүй болгохыг шаардах,

-Бусад татварууд дахь хөнгөлөлтийг шаардах,

-Тухайн улс үндэстний эдийн засгийн хөгжлийн хурдацтай татварын тогтолцооны хөгжил нь хөл нийцэхгүй байх гэх мэт шалтгаанаар улс орнууд НӨАТ-ыг хэрэглэдэг, ингэхдээ хуучин татварын системийнхээ аль нэг хэсгийг НӨАТ-аар сольдог, тэр нь тухайн улсын эдийн засгийн нөхцөл байдал, үйлдвэрлэл үйлчилгээний аль салбарт татвараа нэмэх шаардлага үүссэн зэргээс хамааран хэрэгждэг байна.

Франц, Швед, Дани зэрэг орнууд үйлдвэрлэгчдийг татварын дарамтаас чөлөөлөх зорилгоор жижиглэн худалдаандаа НӨАТ-ыг хэрэглэжээ. Францын хуучин татварын тогтолцоо нь үйлдвэрлэгчдийн нуруун дээр хэт дарамт учруулж /20 хувь/, жижиглэн худалдаанаас авах татвар хэт доогуур /2, 7 хувь/ байсан нь НӨАТ-ыг хэрэгжүүлэх шалтгаан болсон байна. Харин ХБНГУ, Голланд улсуудад давхар татварын алдаатай бодлогыг өөрчлөхийн тулд НӨАТ-ыг хэрэглэсэн гэжээ.

Өөрөөр хэлбэл, НӨАТ гэдэг нь тухайн улс орны татварын систем дэх алдаатай бодлого, сул талыг засч залруулах, даван туулахын тулд авч хэрэгжүүлдэг түр хугацааны арга хэмжээ байсан байна. Монгол Улс ч мөн адил орлогын албан татвараа бүрэн авч, зах зээл дээр эргэж байгаа мөнгөө бүрэн авч чадахгүй байсан учраас НӨАТ-ыг хэрэгжүүлсэн түүхтэй. НӨАТ-ыг 10 хувь болгож, буцаан олголтыг бий болгосноор хүн амынхаа орлогыг бүртгэж, татварын бааз суурь ч гэсэн нэмэгдсэн.

Мөн НӨАТ нь ашиг дээр суурилдаггүй, бараа, үйлчилгээнд суурилдаг учир компани ашигтай, ашиггүй ажилласнаас үл хамааран улсын төсөвт төвлөрөх мөнгөн орлогын хэмжээ тогтвортой байдгаараа ач холбогдолтой. Харин тэр ачаа дарамт нь иргэд буюу хэрэглэгчдийн нуруун дээр ирдэг онцлогтой.

Тиймээс Б.Пүрэвдорж гишүүний тавиад байгаа шаардлага үнэний хувьтай болж байна. Харин Сангийн сайдын хэлсэн үг үнэн үү?

Сангийн сайдын харж буйгаар НӨАТ-ын бууруулснаар түүнээс төсөвт ордог орлогын тал хувь нь тасарна гэхээс гол нь харлаж, амиа тавих гэж байх шиг. Гэхдээ иргэдийн нуруун дээрх ачаа ч гэсэн тал хувиар хөнгөрнө. Арван хувийн илүү ачаа тээж явсан бол талыг нь буулгачихаж байна. Тэр хэмнэсэн таван хувиа дахиад өөр бараа бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авахад зарцуулах болно. Нэг удаад 10 хувийн татвар төлөх биш, хоёр удаа тав, таван хувийн татвар төлөнө гэсэн үг. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, иргэдийн цалин орлого буурч буй энэ үед эхлээд тэдний хэрэглээг дэмжиж, түүгээрээ дамжуулаад үйлдвэрлэгчид, нийлүүлэгчдээ ч бас дэмжиж байгаа хэрэг. Үйлдвэрлэгчдийн нийлүүлэлт нэмэгдвэл нөгөө тасрах гээд байсан тал хувь чинь эргээд төсөвтөө ороод ирнэ.

Б.Пүрэвдорж гишүүний санаачилсан, өргөн барьсан хуулийн төсөл бол цар тахлаас ч өмнө гаргаж ирсэн бодлого. Өнөөдөр цар тахлын улмаас иргэдийн цалин орлого буурч, хэрэглээгээ танаж, түүнээс нь шалтгаалаад үйлдвэрлэгч, борлуулагчид хаалгаа барих дээрээ тулаад байгаа энэ үед тэр тусмаа хамгийн хэрэгтэй бодлого.

Өнөөдрийнх шиг ийм үед хүмүүс хамгийн түрүүнд хэрэглээгээ хумьдаг.  Түүнээс нь шалтгаалаад үйлдвэрлэгч, нийлүүлэгчид дампуурал зарлаж, ажлын байрууд үгүй болдог. Ажил орлогогүй болсон хүмүүс худалдан авалт хийх үү? Тиймээс улс орнууд эдийн засгаа хамгаалахын тулд хамгийн түрүүнд тэдний хэрэглээг дэмжихийн тулд иргэддээ бэлэн мөнгө өгч байна. Тэр мөнгө нь эргэлтэд орохоороо үйлдвэрлэгчдээ дэмжээд, бие биенээ тулаад босч ирнэ гэж үзэж байна.

Манай улсын хувьд иргэддээ бэлэн мөнгө тарааж чадахгүй байлаа ч татварын бодлогоор хэрэглээг нь дэмжих, түүгээрээ дамжуулаад үйлдвэрлэгчдээ ч гэсэн дэмжих арга зам байна гэдгийг эдийн засагчид хэлж байна. Харин Сангийн сайдын хувьд нэг удаа өндөр ашиг хийгээд, төсвөө бүрдүүлж аваад нурууг нь хугалах л бодлого барьж байна. Энэ тэгээд эдийн засгаа аврах эрх баригчдийн төлөвлөгөө мөн үү?

Б.СЭМҮҮН

Exit mobile version