Covid-19
Японд сарын дотор халдварын тоо 80 мянгад хүрэх магадлалтай
Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ дөрөвдүгээр сарын 7-ны өдөр шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар тархалтын эсрэг авах арга хэмжээний хүрээнд энэ оны тавдугаар сарын 6-ны өдрийг хүртэл “онц байдал” зарласан.
Японы 47 муж хотоос Токио, Осака, Чиба, Сайтама, Канагава, Хёого, Фүкүока мужуудыг хамруулахаа мэдэгдсэн юм. “Онц байдал”-ын талаар Ерөнхий сайд Ш.Абэ хэвлэлийн бага хурал дээр дараах асуудлуудаар тайлбар хийв. Үүнд:
1. Шинэ төрлийн вирусийн халдварын аюулыг нийт ард түмэнд ойлгуулан энэ эрчээрээ халдвар тархвал нэг долоо хоногийн дараа 10,000, нэг сарын дараа гэхэд 80,000 гаруй хүнд халдварлахаар тооцоо гарч байна.
2. Эмнэлгийн орны тоо, багтаамж хүрэлцэхгүй болж байна.
3. Японы эдийн засаг дэлхийн хоёрдугаар дайны дараах хамгийн том эрсдэлд оров. Эдийн засгийг дэмжих зориулалт бүхий зардалд юуны өмнө 108 их наяд иенийг Засгийн газраас гаргахаар тооцож байна.
4. Зайлшгүй шаардлагаар ажилгүй болсон, эдийн засгийн хүнд нөхцөлд буй иргэдэд дэмжлэг үзүүлнэ.
5. Хот болон замын хөдөлгөөнийг хаахгүй, хэвийн үйл ажиллагааг хангана.
6. Хүмүүс хоорондын уулзалтын давтамжийг 70-80 хувь хүртэл бууруулж, иргэдэд гадагш гарахгүй байхыг зөвлөж байна.
7. “Гурван мицү” хэмээх зарчмыг дагаж мөрдүүлнэ. ① “миппей” – агаарын солилцоогүй битүү орчинд очихгүй байх ② “миссэцү” – хоорондоо 2 метрийн зай барин, ойртохгүй байх ③“мишшюү” – олноороо нэг газар цугларахгүй байх
8. Зайлшгүй гарах шаардлагаггүй бол гэрээсээ ажлаа хийнэ.
9. Хөдөө орон нутаг руу аль болох зорчихгүй байна.
“Онц байдал” зарласнаар гол өөрчлөгдөх зүйлүүдийн талаар:
ХЭВИЙН АЖИЛЛАНА:
Хүнсний дэлгүүр, супермаркет
Эмийн сан
24 цагийн үйлчилгээний дэлгүүрүүд
Тээвэр үйлчилгээ, нийтийн тээвэр, метро, такси
АЖИЛЛАХГҮЙ:
Концерт, шоу тоглолт
Шөнийн цэнгээний газрууд, баар, уушийн газрууд
Спорт клуб
Сургууль, шалгалтын бэлтгэл хийдэг оройн сургуулиуд
Эх сурвалж: Токио дахь Монголын элчин сайдын яам