Засгийн газар

Сайжруулсан шахмал түлшний хоёрдахь үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэв

Нийтэлсэн

Сайжруулсан шахмал түлшний хоёрдахь үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт, Налайх дүүргийн төвөөс зүүн урагш барихаар төлөвлөж, бүтээн байгуулалтыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх биечлэн эхлүүлж, Тавантолгой түлш ХХК-ийн ажилтан албан хаагчдад амжилт хүслээ.

Тэрбээр, Тавантолгой түлш компанийн удирдлагууд албан хаагчид болон бусад албан тушаалтнууд, ажил гүйцэтгэгчид болоод түлшийг хэрэглэж, Улаанбаатар хотоо утаагүй болгохын төлөө чин сэтгэлээсээ зүтгэсэн ард иргэддээ маш их талархаж байна. Иргэдийн санаачлага, эерэг хандлага, дэмжлэг маш чухал байлаа. Анх түүхий нүүрсийг халж, утаагүй түлш үйлдвэрлэх шийдвэр гаргаж байхад хүнд бөгөөд эргэлзээ төрүүлэхээр байсан нь үнэн. Хүний амь ч эрсэдсэн. Алдаа дутагдал ч байлаа. Гэхдээ бид хүндрэл бэрхшээлийг туулж зориг гарган зүтгэж ажилласныхаа дараа үр дүнг үзээд утааг бууруулж, олон мянган хүнийхээ амь нас эрүүл мэндийг хамгаалаад зогсч байгаадаа баяртай байна. Улаанбаатарын утааг энэ жил 50 хувь бууруулсан. Ирэх жил дахин багасгая. Түлшний нийлүүлэлтээ нэмэгдүүлье гээд үйлдвэрээ нэмж барьж байна.

Хоёрдахь үйлдвэр барих газраа Налайх дүүрэгт сонгосон нь учиртай. Налайх дүүрэг Улсын маань гал голомт газар. Уурхайчдын хот. Анхнаасаа хүн ардаа нүүрс түлшээр хангаж ирсэн удам дамжсан уурхайчдын өлгий газар. Тэгэхээр энэ бэлэн боловсон хүчин үйлдвэрт ирж ажиллах байх гэж бодож байна.

Зүүнбаян Тавантолгойн төмөр зам ашиглалтад орохоор Тавантолгойгоос сайжруулсан шахмал түлшнийхээ түүхий эд болох медлингээ төмөр замаар зөөвөрлөнө. Ингэснээр үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж, түлшний хомсдолгүй, хэрэглээгээ 100 хувь хангаж чаддаг болно. Цаашид экспортод гаргахыг ч үгүйсгэхгүй гэлээ.

Улаанбаатар хот орчим, зүүн бүсийн төв суурин газрууд, тэрдундаа Налайх дүүргийн иргэдийг сайжуулсан шахмал түлшээр хангах тус үйлдвэрийг энэ оны 11 дүгээр сарын нэгэн гэхэд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Үйлдвэрийг барьснаар шинээр 1500-1700 хүн шууд ажлын байраар хангагдаж, хоногт 3000 тонн түлш үйлдвэрлэж, дүүргийн хэмжээний хэрэгцээг хангахын зэрэгцээ, Улаанбаатар хотын хэрэглэгчдэд нийлүүлэх боломж бүрдэх юм.

Налайх дүүргийн агаарын бохирдол 50-70 хүртэл хувь, Улаанбаатар хотынх 70-80 хүртэл хувиар буурах боломжтой болно гэж Таван толгой түлш компанийн мэргэжилтнүүд хэлж байна.

600 мянган тонн/жил хүчин чадалтай тус үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг Тавантолгой түлш ХХК-ийн захиалгаар Эрчим хүчний Эдийн засгийн хүрээлэн ТӨҮГ хийж гүйцэтгэсэн байна. Цахилгаан хангамжийн эх үүсвэр 110кВт-ын Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК хийсэн байна. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт анхны сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг байгуулж нийслэлийн гэр хорооллын иргэдийг түлшээр хангаж ажилласан туршлагадаа үндэслэн зүүн бүсийн хоёрдахь үйлдвэрийг байгуулахад бүхий л талаар сайжруулалт хийсэн гэв. Эрдэмтдийн зөвлөх баг түлшний чанарыг сайжруулах, хорт хийн ялгарлыг бууруулах, олон улсын стандартад хүргэх талаар нарийн судлагаа, шинжилгээнүүдийг хийсэн бөгөөд, үйлвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.

Үйлдвэрийн үндсэн байгууламжийг газар доор байхаар төлөвлөсөн байна. Ингэснээр байгаль орчинд ээлтэй, агаарт дэгдэх тоосжилт зэрэг сөрөг асуудлуудыг үүсгэхгүй хэмээн тооцоолсон гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Exit mobile version