Дэлхий

Италид сүүлийн гурван долоо хоногийн хугацааны хамгийн цөөн хүн Covid-19 өвчнөөр нэг өдөрт нас барлаа

Нийтэлсэн

Ням гарагийн байдлаар дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 1.8 сая давж, 113,470 орчим хүн нас барсан байна.

550,000 гаруй хүн халдвар авч, 21,000 гаруй хүн нас барсан муу үзүүлэлтээр АНУ дэлхийд тэргүүлж байна.

Европын Франц, Герман, Их Британи улсуудад тахлын эрч буурахгүй, үргэлжлэн нэмэгдэж байгаа бол тус тивийн хамгийн халуун цэг болсон Италид буурах үзэгдэл ажиглагджээ.

Ням гарагт Италид 431 өвчтөн нас барсан нь гуравдугаар сарын 19-ний өдрөөс хойш бүртгэгдсэн хамгийн цөөн тохиолдол болсон байна.

Нийт эндэгдлийн тоо энэ улсад 19,899 хүрсэн нь дэлхийд зөвхөн АНУ-ын дараа орох үзүүлэлт юм.

Нэг өдөрт бүртгэгдсэн халдварын тоо ч Италид буурчээ. Ням гарагт 4,092 тохиолдол бүртгэгдсэн бол өмнөх өдөр нь энэ тоо 4,694 байсан юм.

Италийн эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасагт Бямба гарагт 3,381, Ням гарагт 3,343 хүн хэвтэж байсан нь ес дэх өдрөө дараалан буурсан үзүүлэлт болжээ.

Европын өөр нэг улс болох Их Британид Ням гарагт 737 хүн нас барснаар нийт эндэгдлийн тоо нь 10,000 давсан байна. Ингэснээр тус улс Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо нь 10,000 хүрсэн дэлхийн тав дахь улс болжээ. Их Британи удахгүй Европ тив дэх тахлын шинэ төв болох магадлал өндөр байна.

Тус улсын ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр өглөө эмнэлгээс гарсан байна. Тэрээр шинэ коронавирусийн халдвартай нь тогтоогдсоноос хойш 10 орчим хоногийн дараа эмнэлэгт хэвтэж, гурав хоног эрчимт эмчилгээ хийлгэсэн юм. Борис Жонсон шууд ажилдаа орохгүй, хэсэг хугацаанд гэртээ хэвтэхээр болсон байна.

Шинэ коронавирусийн батлагдсан халдварын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа 10 улсын тоо баримтуудтай танилцана уу:

Улс Халдварын тохиолдол Эндэгдэл Харьцаа
1 АНУ  550,016  21,733 4%
2 Испани  166,127  17,133 10%
3 Итали  156,363  19,899 13%
4 Франц  133,669  14,412 11%
5 Герман  127,459  2,996 2%
6 Их Британи  85,199  10,629 12%
7 Хятад  83,134  3,343 4%
8 Иран  71,686  4,474 6%
9 Турк  56,956  1,198 2%
10 Бельги  29,647  3,600 12%

 

Эх сурвалж: AFP, Reuters

Exit mobile version