Нийгэм
Maлайзын цагдаагийн албан хаагч хоёр монгол эмэгтэйг хүчиндсэн хэрэг гарчээ
Малайзын Петалинг Жаяа хотын замын пост дээр ажиллаж байсан цагдаагийн албан хаагч хоёр монгол эмэгтэйг саатуулсны дараа зочид буудалд хорьж, хүчиндсэн хэрэг гарчээ.
Баасан гарагийн орой эмэгтэйчүүдийг саатуулсан бөгөөд дараа нь ойролцоох зочид буудалд хүчээр оруулан 24 цагийн турш хорьсон байна.
Петалинг Жаяа хотын цагдаагийн газар хэргийн мөрөөр шалгаж, Бямба гарагийн оройн 9:30 цагийн орчимд зочид буудлаас 20 ба 33 настай хоёр монгол эмэгтэйг суллажээ.
Дараа нь хэргийг үйлдсэн 30 орчим насны цагдаагийн албан хаагчийг өөр газраас баривчилсан байна. Баривчлагдсан цагдаа хэргийг ганцаараа үйлдсэн гэж одоогоор дүгнэж байгаа гэнэ.
Хохирогч эмэгтэйчүүд малай, англи аль ч хэлээр харилцаж чадахгүй байсан тул тэдний найзаар орчуулуулан мэдүүлэг авсан байна.
“Шалгалтын дүнд хоёр эмэгтэй хоёул хууль бус аргаар амьдардаг нь тогтоогдсон. Гэхдээ энэ нь гэмт хэргийг хөнгөрүүлэх шалтгаан болохгүй. Тэд зочид буудалд бусдын эрхэнд байсныг Бямба гарагийн оройн 9:30 цагт суллаж эмнэлэгт хүргэсэн” гэж Петалинг Жаяа хотын цагдаагийн төлөөлөгч Ник Эзане Мохд Файсал мэдэгджээ.
Хэргийн газраас нэмэлт нотолгоо илрүүлэхээр шинжээчдийг зочид буудал руу явуулаад байгааг тэр бас хэлсэн байна.
“Ийм хэрэг гарсанд би маш их харамсаж байна. Цагдаагийн албан хаагч өөрийн эрх мэдлийг буруугаар ашиглах явдалтай бид хуулийн хүрээнд бүх аргаар тэмцэх ёстой. Мөрдөн байцаалтыг удахгүй дуусгана гэдэгтээ бид итгэлтэй байна” гэж Файсал хэвлэлд ярьжээ.
Эх сурвалж: Straits Times