Нийгэм

“Вирус устгагч” зүүлт коронавирусээс хамгаалах уу

Нийтэлсэн

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд “вирус устгагч” зүүлтний худалдаа идэвхжиж, УИХ-ын гишүүд хүртэл энэ зүүлтийг зүүх болов. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ чуулганы хуралдаанд оролцож буй гишүүд амны хаалт зүүхгүй байгааг эрс шүүмжилсэн. Үүний хариуд УИХ-ын гишүүн С.Бямбацогт амны хаалт зүүгээгүй ч вирус устгагч зүүсэн гэдгээ нэгдсэн хуралдааны үеэр тайлбарласан юм.

Түүний энгэртээ зүүсэн цэнхэр, нэрийн хуудасны хэмжээтэй зүйлийг хаврын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга төдийгүй нэлээд гишүүд зүүсэн байв. Тэгвэл төрийн түшээдийн зүүж буй уг вирус устгагч зүүлт үнэхээр коронавирусийн халдвараас сэргийлж, амны хаалтыг орлож чадах уу гэдэг хариултыг олохоор нягталж шалгалаа.

 

АЗИЙН ЗАРИМ ОРОН “ВИРУСЭЭС ХАМГААЛАГЧ”-ИЙГ ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОЖЭЭ

Хонконг тэргүүтэй Азийн зарим орнууд вируснээс хамгаалах зүүлтийг худалдахыг хоригложээ. Энэхүү бүтээгдэхүүн нь хлорын давхар ислийг агуулдаг бөгөөд энэ нь вирусээс хамгаалахад чухал гэдгийг тайлбартаа дурдсан боловч вирус, дархлаа судлаач Ариан Дэвисон гэх хүн уг зүүлтийг тэр “цэвэр луйвар” хэмээгээд хүзүүний зүүлт хамгаалалтын ямар ч ач холбогдолгүйг анхааруулсныг HKFP-д мэдээлжээ.

Вьетнамын эрх баригчид уг бүтээгдэхүүнийг шинжлэх ухааны үндэслэлгүйг дурдсан бол Тайландад их хэмжээний хуурамч бүтээгдэхүүнийг илрүүлсэн төдийгүй иргэд баталгаагүй бүтээгдэхүүнд итгэж амны хаалт, гар ариутгагч хэрэглэх, гараа угаах гэх мэтийг огоорч байгаад түгшиж байгаагаа илэрхийлээд байна гэж thairesidents.com сайтад дурдсан байна.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ төрлийн зүүлт зүүж байгааг зарим иргэн Кремлийн төлөөлөгч шинжлэх ухаанч бус байгааг илтгэж байна хэмээн шүүмжлээд байгаа юм. Энэ талаар тэрбээр тайлбар өгсөн бөгөөд “Дөрвөн долоо хоногийн өмнөөс зүүж эхэлсэн. Гэхдээ шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлж чадна гэдэгт итгэлгүй байна” хэмээн албаны сайтууд болох korrespondent, rbc-д тодруулга өгсөн байна.


АМНЫ ХААЛТ БОЛ ВИРУСИЙН ТАРХАЛТЫГ ЗОГСООХ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН НЭГ

Хайлтаар фэйсбүүк болон худалдааны сайтуудад “вирус устгагч” зүүлт зарах, захиалга авах зарууд нэлээд байна. Хэдийгээр коронавирусээс хамгаална гэж тайлбарлаагүй боловч уг бүтээгдэхүүн 360 градус тойрон буй 1м3 орчин дахь агаарын элдэв вируснээс 30-60 хоногийн турш хамгаалах чадалтай, бүх насны хүмүүс хэрэглэх боломжтой гэжээ.

Захиалга авах үнэ нь манайд нэг ширхэг нь 30 мянган төгрөг бол Тайландаад монгол мөнгөөр 33500 төгрөг, ОХУ-д 62000 төгрөг, Хонконгод 35780 орчим төгрөг байна. Энэхүү хамгаалах зүүлтийг Япон улсад үйлдвэрлэсэн бөгөөд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийн тулд хэрэглэдэг юм байна.

Бид “вирус устгагч” коронавирусийн халдвараас сэргийлэх чадвартай эсэх талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгээс тодруулахад “Амны хаалт бол вирусийн тархалтыг зогсоох гол хүчин зүйлсийн нэг” гэдгийг хэллээ.

ТАНЫГ ХАМГААЛСАН Ч БУСДЫГ ХАМГААЛАХГҮЙ

Ямартай ч вирус устгагч, вирусээс хамгаалагч нэртэй бүтээгдэхүүн томуу, томуу төст өвчний үед хэрэглэхэд үр дүнтэй боловч коронавирусийн халдвараас хамгаалдаг эсэх нь нотлогдсон талаар мэдээлэл байхгүй байна. Үнэхээр хамгаалдаг байсан ч зөвхөн таныг хамгаалахаас биш бусдад халдвар дамжихаас сэргийлэхгүй. Учир нь шинэ коронавирусийн халдвар шинж тэмдэггүйгээр байх тохиолдол их байгааг ДЭМБ-аас анхааруулж байгаа юм. Та халдвар авснаа мэдээгүй тохиолдолд вирус устгагч зүүсэн ч халдварыг дамжуулагч болно гэдгийг анхаарах нь зүйтэй. Харин үүний оронд амны хаалтаа зүүж, гараа угааж, гар ариутгагч хэрэглэн, дархлаагаа дэмжихийг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна. Мөн УИХ-ын гишүүд батлагдаагүй мэдээллээр чуулганы индэр дээрээс иргэдэд ташаа мэдээлэл өгөхгүй байхад анхаарах хэрэгтэйг дахин сануулах нь зүйтэй.

Exit mobile version