Дэлхий
Д.Трамп: Цар тахлын үед иргэдээ авахгүй байгаа улсад визний хориг тавина
Цар тахлын үед АНУ-аас иргэдээ татан авахгүй байгаа улсад визний хориг тавих арга хэмжээ авах тухай тогтоолд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурсан талаар New York Times мэдээллээ.
Тэрбээр Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеод бичиг илгээж, нутаг буцах иргэдээ хүлээн авахаас татгалзсан орнуудын эсрэг арга хэмжээ авахыг шаарджээ. Шинэ төрлийн коронавирусийн халдвар эрчимтэй тархаж буй энэ үед гадны иргэд нийт америкчуудын эрүүл мэнд, аюулгүй байдалд аюул учруулж байна хэмээн Ерөнхийлөгч Дональд Трамп үзэж буй юм.
Иймээс цагаач, жуулчидтай холбоотой энэ асуудлыг цэгцлэх долоо хоногийн хугацаа өгчээ. Хэрэв улс орнууд иргэдээ татан авах арга хэмжээг яаралтай зохион байгуулаагүй тохиолдолд илүү хатуу арга хэмжээ авна хэмээн мэдэгдэв. Тухайлбал зарим орны иргэдэд виз олгохоос татгалзах, хар жагсаалтад оруулах аж.
Өнөө өглөөний байдлаар АНУ-д коронавирусийн халдвар авсан нийт хүний тоо 560 мянгад хүрлээ. Өчигдөр л гэхэд зөвхөн нэг өдрийн дотор тус улсад коронавирусийн халдварын 27367 шинэ тохиолдол бүртгэгдсэн.
АНУ-д эмчлүүлэхээр, үр хүүхэдтэйгээ уулзахаар, ажил аяллаар ирсэн олон Монгол гацчихаад байна. Орос, Өмнөд Солонгос, Япон, Турк, Европын холбооны орнууд өөрийн хилээр гадаад иргэдийг нэвтрүүлэхийг зогсоосон тул эдгээр хүмүүс хүнд байдалд ороод буй.
Одоогийн байдлаар Монгол Улсын 1200 орчим иргэн АНУ-аас эх орон руугаа буцах хүсэлтээ өгөөд байгаа аж. Хэдэн жилийн визтэй байсан ч нэг удаа АНУ руу нэвтрэхдээ зургаан сараас хэтрэхгүй байх ёстой гэдэг хуультай. Америкт байгаа зарим хүмүүсийн визний хугацаа дууссан сунгуулах шаардлагатай байгаа бөгөөд визний нэг удаагийн сунгалт 455 ам.доллар болох аж. Энэ мэт санхүүгийн хүнд байдалд ороод байгаа талаар Америк дахь монголчууд бичиж байна.
Эх сурвалж: The New York Times