Нийгэм

Г.Загдаа 2018 онд 800 гаруй сая төгрөгийн санхүүжилт авсан

Нийтэлсэн

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаатай утсаар ярьсан бичлэг олон нийтийн анхаарлыг татсан. Тэрбээр энэ талаар өнөөдөр /2020.04.13/ тайлбар, мэдээлэл өглөө.

“Юуны өмнө энэ мэдээллийг өгөхдөө өөрийгөө хамгаалахыг хүсэхгүй байна. Хамгийн гол нь үнэн зөв, бодит мэдээллийг хүргэе. Хүний эрхийн үндэсний комисс өдөр шөнөгүй ажилладаг. “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагатай холбоотой мэдээлэл бидэнд байна. Иргэн Г.Загдаа өөрөө над руу утасдаад “Манай төрийн бус байгууллага ийм үйл ажиллагаа эрхэлдэг” гээд би 2018 онд өөрөө очиж танилцаж байсан. Тэнд гэр оронгүй, архины хамааралтай, тэнэмэл хүмүүсийг тэнд байлгаж, хооллож ундлаад, зохих хэмжээний ажил хөдөлмөр хийлгэж байгаа нь зөв. Тэгээд би зөвлөгөө өгсөн. Үүний дараагаас тэр төрийн бус байгууллагатай холбоотой гомдол тасрахаа байсан.

Манай байгууллага сүүлдээ удирдамж гарган, шалгалт хийсэн. Тэр шалгалтын үеэр Г.Загдаа өөрөө бичлэг хийгээд цацсан байсан. Тэр хүн ямар зан авир гаргаж байсныг та бүхэн харсан байх. Хүний эрхийн үндэсний комисс ажиллах 20 жилийнхээ хугацаанд ямар ч байгууллага, албан тушаалтантай уулзаж, шалгаж, мэдээлэл авдаг. Гэтэл Монголд 2019 оны нэгдүгээр сард дийлдэхгүй нэг газар гарч ирсэн. Бид аргаа бараад цагдаа, прокурорын байгууллагад хандсан. Гэтэл өдийг хүртэл чимээгүй байж байгаад арванхоёрдугаар сарын 26-нд Баянзүрх дүүргийн н.Батболд гэдэг прокурор “Заналхийлэх гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хаалаа” гэдэг хариу өгсөн.

Өнөөдөр тэр хашаанд боолын нийгэм л үйлчилж байна. Хүнийг зодож, заналхийлж, чөлөөтэй зорчих эрхийг нь хасч байна. Төрийн шийдвэр биелүүлэх гээд очихоор л оруулдаггүй газар шүү дээ. Өнгөрөгч 2018 оны жилийн эцсийн байдлаар 800 гаруй сая төгрөгийн санхүүжилт авсан. Энийг холбогдох төрийн байгууллагууд шалгах хэрэгтэй. Мөн бид тогтоогоогүй болохоор янз бүрийн гомдол их бий” гэв.

Exit mobile version