Covid-19

Д.Нямхүү: 4-р сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 20 хүний нэгээс COVID-19 илэрлээ

Нийтэлсэн

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинд 213 улс, орон нутаг дэвсгэрт COVID-19 бүртгэгдэж, нийт 1.8 сая хүн энэ өвчнөөр өвчилж 1.3 сая хүн эмнэлгийн тусламж үйлчилгээг авч байна. АНУ, Испани, Франц, Итали, Турк зэрэг улсад халдвар эрчтэй тархсан хэвээр байна. Нас баралтын түвшинд Итали улсад 12.8 байгаа бол Их Британи улсад 12.5, Белгид 12 хувьтай болжээ.

Азийн орнуудын хувьд Япон улс нэлээд анхаарал татаж байна. Сүүлийн 24 цагийн дотор тус улсад 500 шинэ тохиолдол бүртгэгдээд байна.Ингэхдээ эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийг дагаж ирсэн ар гэрийн хүмүүс өвдөж, эмнэлгээс шалтгаалсан халдвар маягаар тархаж байна. Иймд Эрүүл мэндийн яамнаас аль болох эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхгүй байхыг анхааруулсаар байгаа юм.

Манай хойд хөрш улсад халдвар нэлээд эрчтэй нэмэгдэж байна. Өнгөрсөн хоногт л гэхэд 2,186 шинэ тохиолдол бүртгэгдэж,24 хүн нас барсан. Улаан-Үдэ хотод нийт 77 хүн өвчилсөн, үүнээс 13 нь бага насны хүүхэд байна. Эрхүү мужид 33 тохиолдол бүртгэгдсэнээс хоёр нь хүүхэд байна. ОХУ-д бага насны хүүхэд өвдөх нь их байгаа учраас манай улсын иргэд ч бага насны хүүхдээ дагуулж олон нийтийн газраар явахгүй байхыг зөвлөж байна.

Дөрөвдүгээр сарын 11-нд Алтанбулагийн боомтоор 281 зорчигч орж ирж тусгаарлагдсан. Үүнээс Дархан-Уул аймагт 11, Сэлэнгэд 2, Улаанбаатарт 169, ХӨСҮТ-д 20 хүнийг тусгаарласан. Эдгээр хүмүүс нь 2-3 газрыг дамжиж ирсэн эрсдэлтэй.

Эдгээр иргэдтэй хамт явж байгаад халуурч Улаан-Үдэд үлдсэн нэг иргэний эхний шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирус илрээгүй. Манай улсад өнөөдрийн байдлаар нийт 1,678 хүн ажиглалтад байгаа бөгөөд жирэмсэн болон зүрх, судасны өвчтэй 14 хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн. Одоогоор тэдгээр хүмүүсийн биеийн байдал хэвийн байна” гэлээ.

Дөрөвдүгээр сарын 12-нд ОХУ-аас ирж Дархан-Уулд ажиглалтад орсон иргэдээс коронавирус илрээгүй

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсад 17 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс дөрвөн нь эдгэрч эмнэлгээс гарч хяналтад байна.Одоо 13 хүн эмчилгээ хийлгэж байгаа. Өнгөрсөн өдөр 232 хүнд шинжилгээ хийсэн.

Дөрөвдүгээр сарын 12-нд ОХУ-аас ирж Дархан-Уулд ажиглалтад орсон иргэдээс коронавирус илрээгүй.Ажиглах байранд байгаа Солонгос улсаас ирсэн 110, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан дөрвөн хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй ” гэв.

Exit mobile version