Эдийн засаг

Ипотекийн зээлээ хойшлуулахгүй, хэвийн төлөх иргэдийг улсаас урамшуулахаар ярьж байна

Нийтэлсэн

Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 4.6 их наяд төгрөг байгаа бөгөөд 97,000 орчим зээлдэгч хамрагдаад байна. Үүнээс 8%-ийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрт 72,000 зээлдэгч хамрагдсан бөгөөд зээлийн үлдэгдэл нь 3.4 их наяд төгрөг байгааг Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин мэдээллээ.

Зээлийн нийт нэрлэсэн хүүгийн 2 нэгж хувийг улсаас олгохоор ярьсан
УИХ-аас батлах гэж буй тогтоолын төслийн хүрээнд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг зургаан сараар хойшлуулахаар болж байгаа бөгөөд МИК, Сангийн яам, арилжааны банкууд уулзаж, нэгдсэн ойлголтод хүрснийг тэрбээр хэллээ.

Арилжааны банкууд ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах иргэдийн хүсэлтийг тавдугаар сарын 1-н хүртэл хүлээн авах бөгөөд зөвхөн хүсэлтэд тулгуурлан зээлийн төлөлтийг хойшлуулах юм.

Харин хүсэлт гаргахгүйгээр зээлээ хэвийн үргэлжлүүлэн төлж байгаа иргэдэд зээлийн нийт нэрлэсэн хүүгийн 2 нэгж хувийг улсаас олгохоор ярьсан бөгөөд УИХ-ын тогтоолын төсөл батлагдсанаар хэрэгжих боломжтой талаар А.Энхжин мэдээллээ.

Монголбанк өмнөх зарчмынхаа дагуу ипотекийн зээлийн санхүүжилтэд оролцох боломжтой гэж үзсэн
Тэрбээр “Монголбанк ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилтээ зогсоосон байсан. Гэхдээ барилгын салбар 100 гаруй мянган ажилтантай, арилжааны банкуудын олгосон нийт зээлийн 1.6 их наяд төгрөг нь энэ салбарт хамаарч, ашиглалтад ороход бэлэн 35,000 орон сууц байгаа ийм үед Монголбанк өмнөх зарчмынхаа дагуу санхүүжилтэд оролцох боломжтой гэж үзсэн. Энэ жилийн тухайд нийт 300 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг ипотекийн зээлд зориулан олгох боломжтой” гэв.

Exit mobile version