Дэлхий
Иргэдээ нүүлгэн шилжүүлэх Японы тусгай үүргийн нисэх онгоц өнөөдөр орой Уханьд газардана
Япон улс шинэ коронавирусийн голомт болоод байгаа Хятадын Ухань хотоос иргэдээ нүүлгэн шилжүүлэх тусгай үүргийн нисэх онгоцыг өнөөдөр орой тус хот руу илгээхээр болжээ.
Үүнээс өмнө Японы хууль тогтоогчид шинэ вирусийг “халдварт өвчин” ангилалд албан ёсоор оруулсан байна. Ингэснээр засгийн газар халдвар тээгчдийг албадан эмчлэх хуулийн эрхтэй болж байгаа юм.
Эхний ээлжинд 200 иргэнийг өнөөдөр орой тээвэрлэж, маргааш өглөө Токиод хүргэх юм байна. Үүний дараа үлдсэн 650 орчим иргэнийг хэсэг хэсгээр нь нүүлгэх ажээ.
Дэлхийн хэд хэдэн улс орон өөрийн иргэдийг Ухань хотоос нүүлгэн шилжүүлэхээр Хятадын засгийн газартай хэлэлцэж байгаа. АНУ-ын тусгай үүргийн нисэх онгоц бас өнөөдөр орой Уханьд газардах төлөвлөгөөтэй байгааг албаны эх сурвалж мэдээлжээ.
Одоогоор Япон улсад шинэ коронавирусийн халдвартай дөрвөн хүн илрээд байгаа. Ухань хот болон Хубэй мужид Япон улсын нийт 710 иргэн амьдардаг юм байна. Голомтын бүсээс явах хүсэлтэй эсэхийг нь иргэн бүрээс асууж тодруулсны үндсэн дээр нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа гэнэ.
Эх сурвалж: Kyodo News