Covid-19
АНУ-д коронавирусийн тахал энэ долоо хоногт оргилдоо хүрнэ
Шинэ коронавирусийн тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн улс орнууд хорио цээрийн дэглэмээ хэзээ цуцлах талаар ид хэлэлцэж байна.
Испани улсын эрх баригчид өөрийнх нь улсад дэгдсэн тахал оргил үедээ хүрсэн гэж үзээд энэ долоо хоногоос эдийн засгийн зарим салбарт үйл ажиллагаагаа эхлэх зөвшөөрөл өгчээ.
Италийн хамгийн их хохирол амссан мужуудын нэг Венетод тогтоосон хорио цээрийн дэглэмийг сулруулж эхэлсэн байна.
Даваа гарагт Италид халдвараар амиа алдсан хүний нийт тоо 20,000 давсан ч өдөрт илэрдэг халдварын шинэ тохиолдлын тоо буурсаар байгаа юм.
АНУ-ын тахалд хамгийн гүн хэлмэгдсэн муж болох Нью Йоркод өчигдөр 671 хүн нас барсан нь сүүлийн долоо хоногийн хугацаанд анх удаа нэг өдөрт 700-аас цөөн хүний амь эндсэн тохиолдол болжээ.
Франц, Япон, Их Британи улсуудад өдөрт илэрдэг халдварын тоо нэмэгдсээр байгаа тул хорио цээрийн дэглэмээ тавдугаар сар гартал үргэлжлүүлэхээр болж байна.
Харин АНУ-д халдварын тархалт буурах эхний шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн бөгөөд тахлын оргил үе энэ долоо хоногт тохионо гэж тооцоолж байгаагаа мэргэжилтнүүд нь мэдээлжээ.
Тус улсын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилсан Сэргийлэх Төвийн захирал Роберт Рэдфилд өчигдөр NBC сувагт ярихдаа “Бид одоо л оргил үедээ ойртож байна. Нэг өдөрт илэрсэн халдварын тоо өмнөх өдрийн тооноос буурсан байвал оргил үедээ хүрсэн гэж ойлгож болно” гэж хэлсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр улс орныхоо эдийн засгийг хэзээ хорио цээрийн дэглэмээс гаргаж, идэвхжүүлэх хугацааг удахгүй зарлахаа мэдэгдсэн юм.
Харин АНУ-ын мужууд уг шийдвэрийг Цагаан ордон гаргах ёсгүй гэж үзээд дэглэмийг цуцлах хугацааг тус тусдаа зарлахаа мэдэгджээ. Тухайлбал баруун эргийн Калифорни, Вашингтон, Орегон мужууд нэг бодлогоор хамтарсан шийдвэр гаргах тухайгаа мэдэгдсэн байна.
Зүүн хойд бүсийн Нью Йорк тэргүүтэй мужууд ч бас ийм шийдвэрийг хоорондоо уялдаа холбоотойгоор гаргахаа мэдэгдээд байна.
Шинэ коронавирусийн батлагдсан халдварын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа 10 улсын тоо баримтуудтай танилцана уу:
Улс Халдварын тохиолдол Эндэгдэл Харьцаа
1 АНУ 577,307 23,219 4%
2 Испани 169,628 17,628 10%
3 Итали 159,516 20,465 13%
4 Франц 137,875 14,986 11%
5 Герман 128,208 3,043 2%
6 Их Британи 89,569 11,346 13%
7 Хятад 83,224 3,341 4%
8 Иран 73,303 4,585 6%
9 Турк 61,049 1,200 2%
10 Бельги 30,589 3,903 13%
Эх сурвалж: AFP, Associated Press