Нийгэм

Хятадын талаас Эрээнээс ирэх иргэдэд шинжилгээ хийнэ гэж мэдээлсэн. Бид энд ирэхэд нь ч тусгаарлаж, шинжилгээ авна

Нийтэлсэн

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл болон ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн хариултад хариуллаа.

-“Улаанбаатар Сонгдо”эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр иргэний хариу яагаад эхлээд эерэг гарах болов?

А.Амбасэлмаа: -Сонгдо эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр иргэний нэг нь хорт хавдартай бөгөөд нэлээд олон хоног тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Харин нөгөөх нь архаг бронхиттой буюу хоёулаа уушгины өвчтэй байсан учраас рентген аппаратаар уушгинд бага зэрэг сүүдэр харагдсан байна.

Тиймээс эмнэл зүйн уг шинж тэмдгийг үндэслэж, Сонгдо эмнэлгийнхэн сорил тавьсан.

Гэхдээ коронавирусийг оношлохдоо ДЭМБ-ын удирдамжийн дагуу эхлээд халдвар судлалын асуумж бөглүүлэх шаардлагатай байдаг. Харин энэ хоёр хүнд уг асуумжаар сэжигтэй зүйл байхгүй буюу өвчлөл өндөр бүртгэгдэж буй бүс нутгаар аялсан болоод сэжигтэй хүнтэй хамт байсан зүйл байхгүй.

Мөн бид эмнэл зүйн сорьцыг авч байгаа. Уушгины хатгаа болон амьсгалын замын цочмог халдвартай, эмгэгтэй байвал PCR-аар шинжилгээ авч, өдөр бүр мэдээлж байгаа. Түүний адилаар уушгины хувьд тэр хоёр хүн асуудалтай байсан учраас л тест тавьсан байна.

Дараа нь бид коронавирусийн сэжигтэй тохиолдол гэж үзэхэд дээрх тодорхойлолтод нийцээгүй. Мөн түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан учраас бид PCR шинжилгээг хийсэн. Хариу сөрөг гарсан.

Тусгаарлалт, ажиглалтад байгаа хүмүүс болон сэжигтэй гэсэн тохиолдлуудад уг тестээр мөн шинжилгээ хийдэг. Одоогоор эерэг буюу коронавирус илэрсэн гэсэн үзүүлэлт гараагүй.

– “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тухайн хүний зээ хүү нь гадаадад аялаад ирсэн гэсэн мэдээлэл байсан. Түүнийг яагаад тусгаарлахгүй байгаа юм бэ?

А.Амбасэлмаа: -Зээ хүү нь хоёрдугаар сарын 23-27-ны өдрүүдэд Улаан-Үдэ хотоор аялсан гэх мэдээлэл байгаа ч халдвар судлалын хамааралгүй учраас түүнийг тусгаарлахгүй.

Мөн тухайн үед аялсан газарт нь өвчлөл гайгүй байсан. Тэрнээс хойш одоо хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Тэр хүү өвөө дээрээ гуравдугаар сарын 20-ны өдөр дөнгөж юм оруулж өгчихөөд гарсан. Түүнээс хойш мөн одоо 20 гаруй хоног өнгөрсөн.

Бид халдвар судлалынхаа заалтаар л тусгаарлах бөгөөд хүн бүрийг тусгаарлаад байна гэж байхгүй.

Ажиглалт, тусгаарлалт, сэжигтэй тохиолдлуудыг бид халдвар судлалын асуумж судалгаа болон ДЭМБ-ын тодорхойлолтыг үндэслэдэг.

-Техникийн спиртийг гар ариутгагчид ашигласан мэдээлэл байна. Хэрвээ үнэхээр техникийн спиртийг тэгж ашигласан байвал хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ?

А.Амбасэлмаа: -Тэр талаар бид мэдээлэл сайн аваагүй учраас хариулж мэдэхгүй. Техникийн зориулалтын спиртийг ашиглах ёсгүй. Тэр ташаа мэдээлэл байх гэж бодож байна.

– Тусгаарлалтаас гараад гэртээ өөрийгөө тусгаарлаж байгаа иргэд дэглэм зөрчөөд байгаа гэх асуудал гарч байна. Энэ тал дээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?

А.Амбасэлмаа: -Одоогийн байдлаар тийм мэдээлэл бидэнд албан ёсоор ирээгүй байна.

-Тэгээд “Улаанбаатар Сонгдо” эмнэлгээр үйлчлүүлсэн тэр хоёр хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэхгүй гэсэн үг үү. Дахиж шинжилгээ авах уу?

А.Амбасэлмаа: -Эмнэл зүйн болон лабораторийн заалтуудаар тэр хүнийг сэжиглэх үндэслэл бага.

Гэхдээ энэ хүнийг цааш ажиглаж байгаад биеийн байдлаас нь шалтгаалж, өөрсдөө шинжилгээ өгөх санал хүсэлтээ өгвөл шинжилгээ авч болно.

-PCR шинжилгээ хэр найдвартай вэ. Бүх орон нутагт энэ шинжилгээг хийх боломж байгаа юу?

А.Амбасэлмаа: -COVID-19-ийг илрүүлэх эцсийн лавлагаа бол PCR шинжилгээ. Энэ шинжилгээг энд тэнд хамаагүй хийхгүй.

Учир нь энэ шинжилгээг халдвар, хамгаалалт, сэргийлэлтийн дэглэмийг баримталсан зориулалтын ажлын байранд, тэр шинжилгээг хийж чадах чадвартай мэргэжилтнүүд ажиллах ёстойгоос гадна тоног төхөөрөмж нь олон улсын шаардлагад нийцсэн лабораторид хийх ёстой байдаг юм.

-Өнөөдөр Эрээнээс ирэх 50 орчим иргэн шинжилгээ өгөөд хилээр нэвтэрч байгаа юм уу?

А.Амбасэлмаа: -Хятадын талаас Эрээнээс гарахад нь шинжилгээ хийнэ гэж мэдээлсэн. Мөн бид тэдгээрийг хилээр орж ирэхэд нь тусгаарлаад тодорхой хугацааны дараа бид шинжилгээ авна.

-ОХУ-аас ирээд тусгаарлалтад байгаа хүмүүсийн талаар мэдээлэл өгөөч?

А.Амбасэлмаа: -Тэр хүмүүсийг анхнаасаа өөр, өөр өрөөнд тусгаарласан. Өнөөдрийн хувьд ажил хэвийн үргэлжилж байна.

-Дэлхийн бусад улс, оронд COVID-19-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүсээс дахин халдвар илэрсэн гэх мэдээлэл явж байна. Манай улсын хувьд эмнэлгээс эдгэрч гарсан хүмүүсээс тийм тохиолдол гарсан уу?

-Энэ нь шинэ халдвар учраас сайн судлагдаагүй. Эдгэрээд гарсан өвчтөнөөс эргээд вирус илэрсэн талаарх мэдээллийг бид хэвлэлээс авсан. Гэхдээ одоогоор бид судалж байна.

Эдгэрсэн өвчтөн эргээд өвдөж байгаа болон вирус тээгч болж байгаа эсэх нь судалгааны чанартай л явж байгаа.

-Томуугаар өвдсөн хүмүүсээс ер нь ийм шинжилгээ авч байгаа юу. Тэдгээр дотроос түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан тохиолдол бий юу?

Д.Нарангэрэл: -Өдөр болгон бид уушгины хатгаа өвчтэй болон хүнд хэлбэрийн өвчтэй хүмүүсээс томуугийн тандалтаар шинжилгээ авдаг.

Энэ шинжилгээгээрээ коронавирус хасах гэдгийг дандаа баталж явдаг.

Exit mobile version