Дэлхий
Японы парламентын гишүүдийн цалинг 20 хувь бууруулна
Японы парламентын гишүүдийн цалинг ирэх сараас эхлэн нэг жилийн хугацаанд 20 хувиар бууруулахад чиглэсэн хууль батлахаар болсон талаар Kyodo агентлаг мэдээллээ.
Японы парламент дээд доод гэсэн хоёр танхимтай бөгөөд аль аль танхимын гишүүд сард 12 мянган ам.долларын цалин авдаг байна. Гишүүдийн цалинг 20 хувь бууруулснаар 9627 ам.доллар болно.
Парламентын гишүүдийн бууруулсан цалинг халдвар тархсантай холбоотойгоор авсан янз бүрийн хязгаарлалтаас үүдэлтэй хохирлыг нөхөх, иргэдэд нөхөн олговор олгоход зарцуулах аж.
Эрх баригч Либерал Ардчилсан нам, мөн Үндсэн хуульт ардчилсан нам зэрэг улс төрийн хүчнүүд ийнхүү санал нэгдэв. Цар тахлын улмаас орлого нь буурсан ард иргэдтэй хамт гэдгээ илэрхийлэх үүднээс ийм шийдвэр гаргажээ.
Парламентын гишүүдийн цалинг бууруулах арга хэмжээг 2011 онд Японы Хоншю аралд болсон цунами, “Фүкүшима-1” атомын цахилгаан станцад гарсан ослын дараа бас авч хэрэгжүүлж байжээ.
Мөн Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд К.Като тус улсын 25 мужийн захиргаа нутаг дэвсгэрт зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоохоор ажиллаж байгаа талаар мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар Японд коронавирусийн 8100 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 853 хүн эдгэрч, 146 хүн нас баржээ.
Эх сурвалж: Kyodo