Эдийн засаг
М.Оюунчимэг: Арилжааны банкнаас авсан орон сууцны зээлийн төлөлтийг хойшлуулах талаар судлах чиглэл өглөө
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголбанкнаас гаргасан хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр хэрэгжихгүй байгаа талаар ирүүлсэн өргөдлийн дагуу Монголбанкны мэдээлэл сонссон. Хурлаар ярилцсан асуудлаар байнгын хорооны дарга М.Оюунчимэг мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Зээлийн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна гэсэн иргэдээс ирсэн гомдлуудыг дагуу нэг ойлголттой болгох зорилгоор төв банк болон арилжааны бүх банкуудын төлөөллийг байлгаж мэдээллийг сонслоо. Нийт зээлдэгчдийн 90 хувь нь хэрэглээний зээлтэй буюу нийт 1.4 сая хүн ямар нэг төрлийн зээлтэй байна. Тэгэхээр хүн амын дийлэнх нь зээлтэй байхад төв банкнаас гарсан шийдвэр хэрэгжихгүй байгаа шалтгааныг тодруулахаар бүх талуудыг байлгаж, нэг ойлголтод хүрлээ.
Хэрэглээний зээлийг гурван сараар сунгах, ипотекийн зээлийг хүүг хуримтлуулахгүй гурван сараар сунгах шийдвэр хэрэгжихгүй доголдол гарсан шалтгаан нь эрхзүйн орчныг тодорхой болгож, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх журам, зөвлөмжийг Төв банк гаргах шаардлагатай байсан нь тодорхой болж байна.
Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр ипотекийн зээлийн хүүг хуримтлуулахгүй гурван сараар сунгах шийдвэрийг дахин гаргасан. Энэ шийдвэр мөн адил өмнө шийдвэр шиг доголдолгүй байх талаар үүрэг өглөө.
Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Б.Анарын хэлж байгаагаар хэрэглээний зээлийг хэрэгжүүлэхэд ямар зээлийг багтааж ойлгох талаар нэгдсэн мэдээлэл байхгүй тул тодорхой болгох шаардлагатайг хэлж байна. Тиймээс хэрэглээний зээлд цалин, тэтгэвэр, малчны, картын зээлүүд орно гэдгийг маш тодорхой болголоо. Мөн Монголбанкны гаргасан журам нь бүх банкуудад нэг өдөр, нэг цагт хүрч нэг ойлголтоор хэрэгжих хэрэгтэй байна.
Аливаа, торгууль, шимтгэл авахгүй байх шийдвэрийг ч банкууд өөр өөрийнхөөрөө тайлбарлаж, хэрэгжихгүй байсан асуудлыг бүгд нэг шийдвэрээр явна, хэрэгжүүлнэ гэдгийг Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Б.Анар хэллээ” гэсэн юм.
Хуралдааны үеэр хамтран зээлдэгчээс шууд мөнгө татаж байгааг анхаарч ажиллахыг хүссэн байна. Ипотекийн зээлийн тухайд Монголбанкны эх үүсвэрээр гарсан буюу 8 хувийн зээл дээрх шийдвэрт хамаарах бөгөөд арилжааны банкуудаас авсан орон сууцны зээлийн тухайд хэрэгжихэд хүндрэлтэй байгаа аж. Тиймээс банкны зээлээр орон сууц авсан иргэдийн зээлийн төлөлтийг хойшлуулах талаар судлах чиглэл өгсөн байна.