Дэлхий

БНСУ-д парламентын сонгуулийн санал хураалт явагдаж байна

Нийтэлсэн

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Азийн хоёр дахь том голомт болоод байсан БНСУ-д Парламентын сонгууль эхэллээ. Тус улс шинэ төрлийн “коронавирус”-ийн эрсдэлтэй байгаа ч сонгуулийг хойшлуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

АНУ-д Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгааг зарим муж хойшлуулсан бол Франц улс орон нутгийн сонгуулиа мөн хойшлуулжээ. Харин БНСУ сонгуулиа хойшлуулсан бол 30 жилийн түүхтэй ардчиллын хувьд санаа зовоосон асуудал үүсгэхээр байсан гэж үзэж байна.

Парламентын сонгуулийн санал хураалт өглөөний 06.00 цагт эхэлжээ. Сонгогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хамгийн багадаа нэг метрийн зай барих, нэг удаагийн бээлий, амны хаалт хэрэглэх шаардлага тавьж, биеийн дулааныг нь хэмжиж байгаа аж. Мөн санал авах байруудыг ойр ойрхон ариутган халдваргүйжүүлж байгаа юм байна.

Өнгөрсөн долоо хоногт “Gallup Korea”-аас танилцуулсан урьдчилсан судалгаагаар эрх баригч Ардчилсан нам 41:23 гэсэн харьцаагаар тэргүүлжээ. Өөрөөр хэлбэл эрх баригч Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ялалт байгуулах өндөр магадлалтай гэж үзэж байна. Цар тахлаас сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ дүнд Мун Жэ Иний Засгийн газрын дэмжигчдийн хувь үлэмж хэмжээгээр нэмэгдсэн аж. Энэ сард халдварын шинэ тохиолдлын тоо БНСУ-д хоёрдугаар сараас хойших доод түвшинд хүрсэн байна.

БНСУ-д бүртгэлтэй 44 сая сонгогч байгаа аж. Үндэсний ассамблейн 253 суудлын төлөө улс төрийн 21 нам, эвслээс 1100 гаруй нэр дэвшигч өрсөлдөж байна. Харин үлдсэн 47 суудалд нам “дугуйлах” байдлаар нэр дэвшигчдийг сонгох ажээ. Санал хураалт орон нутгийн цагаар оройн 18.00 цагт өндөрлөнө.

Б.Ариунболд
Эх сурвалж: Bloomberg.mn

Exit mobile version