Улсын их хурал
БОХХААБХ: Ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.15) хуралдаан 14 цаг 25 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг шинэчлэн байгуулах асуудлыг хэлэлцэж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбатыг томиллоо.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр “Хаврын тариалалтын нөхцөл байдалтай танилцах, судлах зорилгоор Байнгын хорооны гишүүд болон дээрх Ажлын хэсгийн гишүүд газар дээр нь ажиллах шаардлага байна. Үр тарианы нөөц, хүрэлцээний талаар анхаарал хандуулах шаардлага бий” гэдэг саналыг гаргаж байв. Ажлын хэсгийг шинэчлэн байгуулж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-очир, Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.