Энтертайнмент
Н.Хулан: Хорвоо дээр цор ганцхан хувь атлаа бид өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулж, шилж голдог
UBS телевизийн хөтлөгч, редактор, “Гүмүда” сэдэвчилсэн дэлгүүрийг үүсгэн байгуулагч, “Гамма”-гийн амьдрал судлаач, “Богд” банкны маркетингийн менежер зэрэг маш олон салбарт өөрийгөө сорьсон Монголын залуу энтрепренерүүдийн хүчтэй төлөөлөл яах аргагүй Н.Хулан мөн. Нийгэмд эерэг бүхнийг түгээх эрмэлзэлтэй мөн байнга шинийг туршиж, шинийг эрэлхийлж байдаг Н.Хулантай ярилцлаа.
-Сүүлийн үеийн сонин хачнаас яриагаа эхэлье. Таны хувьд сүүлийн үед ямар ажил дээр төвлөрч байна вэ?
-Сүүлийн хагас жил зөвхөн шинэ номон дээрээ ажиллаж байна. Их ажил хэрэгч, чухал сонсогдож байвч яг өдөр тутамд тасралтгүй толгойгоо бариад л, компьютерийн ард сууж байна даа. Бичих гэдэг нь миний хамгийн дуртай, жаргаж хийдэг зүйл атал яг ажил болгочихоор эсрэгээрээ шийтгэл шиг мэдрэгдэх юм. Тиймээс өдөр бүр л өөрийн доторх залхуу золигтой тэмцэлдэж, хэдэн үг нэмээд биччих санаатай дотооддоо нэлээн дайнтай л байна. Өөрийгөө олох аяллын сэдэвтэй ном учраас аль болох өөрийн амьдралд тохиолдсон үйл явдлуудаар баяжуулж, хэрхэн хүсэл сонирхлоо олж нээх, өөрийг чинь тойрон хүрээлэх жижиг гэмээр саад бэрхшээлийг давах тухай бичиж байгаа юм л даа. Энэ зун гэхэд ном болгоод хэвлээд, гартаа бариад сууж байна гэж найдаж байна.
-Нэг жил буюу 52 долоо хоногийн турш шинэ зүйлс туршсан, суралцсан тэмдэглэл буюу өөрийгөө сорьсон, адал явдал эрэлхийлсэн түүхээ ном болгон гаргасан. A Year To Remember номыг бичих санаа анх хэрхэн төрж байсан бэ?
-Би хувь хүний хөгжлийн ном унших их дуртай. Гэхдээ тэдгээр номнууд ихэвчлэн зааж сургасан шинжтэй, багшийн харах өнцгөөс бичсэн байдаг. Харин миний хувьд бусдын түүх, алдаж оносон туршлагаас юм сурах, ойлгох нь их байдгаа анзаарсан. Тэгээд л анх “Яагаад ийм өнцгийн бичлэг, Youtube влог их байдаг мөртлөө ном байдаггүй юм бол?” гэж бодсон. Мөн дээрээс нь номын дэлгүүрүүдийн тавиур дээрх хувь хүний хөгжлийн номнууд дандаа л орчуулгын ном байдаг. Монголчууд маань ихэвчлэн уран зохиол, шүлэг яруу найраг бичдэг. Тэгээд л би Монгол хүний бичсэн хувь хүний хөгжлийн номыг нэгээр нэмэх гээд үзье гэж шийдсэн.
-Тус номонд дурдсан туршилтууд тань таны амьдралын хэв маяг болж үлдэж чадсан уу. Тэдгээр туршилтаас хамгийн “амттай” нь, хамгийн бэрхшээлтэй нь аль байсан вэ?
-Хүний санах ой их сонин ажилладаг юм билээ. Нэгэнт хийж үзсэн, туршиж суралцаж авсан учраас тархи нь санадаггүй юмаа гэхэд бие болон булчингийн санах ойд үлдсэн байдаг. Миний хувьд A Year To Remember-д орсон 52 долоо хоногоос өдөр тутамдаа авч үлдсэн нь минимализм, хог хаягдалгүй байх, эрүүл эко сонголт хийхтэй холбоотой бүх туршилтууд, цомхон кампул шүүгээтэй байх, хог хаягдал аль болох их гаргахгүй байх, улирал тутамд мацаг барих гэх мэт хэв маяг болж үлдсэн. Үүнээс гадна тогтмол тэмдэглэл бичих, өдөр тутамд унших бас зуршил болсон. Харин туршилтын үеэр хамгийн бэрхшээлтэй байсан нь “хүйтэн шүршүүрт орох” болон “хоолноосоо чихэр хасах” байсан. Хэцүү ч гэсэн хамгийн их ашиг тустай туршилтууд байсан шүү.
-Хоёр дахь номынхоо ажилд аль хэдийн орсон талаараа түрүүн ярьсан шүү дээ. Энэ удаагийн ном Хулангийн адал явдалтай амьдралын үргэлжлэл үү эсвэл дотоод хүн рүү нь илүү чиглэсэн ном уу?
-Илүү дотогшоогоо чиглэсэн сэдэвтэй. Миний амьдралд тулгарч байсан асуудлууд, шийдвэрлэхэд хэцүү байсан сонголт бүрийн тухай. Ер нь би өөрийнхөө тухай л бичиж чадах юм байна гэдгээ ойлгосон. Өөрийнхөө амьдралаар дамжуулж хэн нэгэнд хэрэгтэй байж магадгүй санааг өгөх нь миний зорилго. Тэрнээс би уран зохиол бичиж чадахгүй, яруу сайхан шүлэглэж мэдэхгүй, номчилж зааж сургасан нийтлэл ч бүтээж чадахгүй. Гэхдээ яг нэг цаг үед хамтдаа амьдарч байгаа, нас болон амьдралын туршлага ч ойролцоо учраас миний бичвэр хүмүүст илүү дотно санагдаж хүрдэг юм шиг санагдсан шүү.
-Монголдоо бахархалтайгаар үйлдвэрлэв уриатай “Гүмүда”-гийн үүсгэн байгуулагч гэдгээр таныг таньдаг хүмүүс бий. Гүмүдагийн үйл ажиллагаа цаашид илүү өргөжих байх гэж харж байсан. Гүмүдаг хаах шийдвэр гаргахад юу нөлөөлөв?
-Гүмүдагаа нээгээд дөрвөн жилийн ойн дээр нь хаасан. Харин ч хөөрхий минь, намайг хичээхгүй хайхрахгүй байхад хангалттай удаан тэссэн гэж гэж бодож байгаа шүү. Хаасан шалтгаан бол мэдээж коронавирусийн тархалт, эдийн засгийн хүнд нөхцөл, хөл хориотой холбоотой. Гэхдээ би үүнийг нийгэм рүү чихэж бурууг нь тохохын оронд өөр дээрээ тусган авч байна. Би хангалттай хичээсэн бол, би өөрийн ургуулж босгосон бизнесээ арчилж тордоод явж чадсан бол, хуримтлал сайн үүсгэсэн байсан бол ийм хэмжээний давааг торохгүй даваад гарах байсан байх. Надад сайн сургамж, том ташуур болсон. Монгол дизайнеруудын нэгдэл болсон Гүмүда миний анхны бизнес. Урьд нь ингэж эхлүүлсэн зүйлээ хааж үзээгүй болохоор маш хүнд мэдрэмж төрдөг юм билээ. Бууж өгч байгаа юм шиг, ялагдаж байгаа юм шиг өөдгүй мэдрэмж. Гэхдээ миний л буруу учраас дараа дахиад эрч хүчтэйгээр эхлүүлэх болно оо.
Гүмүда надад сайн сургамж, том ташуур болсон.
-Өглөөг хэрхэн эхлүүлэхээс тухайн өдрийн бүтээлч байдал шалтгаалах байх. Та хэр эртэч хүн бэ. Өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?
-Харамсалтай нь би тогтмол эртэч байж чаддаггүй. Шаардлагатай үед, өөртөө зорилго тавьсан бол би эрт босож чадна. Харин онц их шаардлагагүй үед бол унтах дуртай. Өглөөг би хоёр аяга цэвэр устай эхлүүлдэг. Тэгээд аль болох босонгуутаа утсаа барьж авахгүйг хичээдэг. Шууд хөгжим ч сонсдоггүй. Зүгээр л өглөөд намуухан чимээгүй байж толгой дотроо ганцаараа байхыг эрмэлздэг. Ер нь жаахан уйдах зүгээр гэж бодоод байгаа шүү. Бидэнд ер нь уйдах зав байхгүй үргэлж л ямар нэгэн мэдээлэл үзэж, зураг дуу бичлэг хараад байхаар тархи шинэ санаа гаргахгүй байх шиг санагдсан.
-Таныг анзаараад байхад идэвхтэй амьдралын хэв маяг, үргэлж шинийг эрэлхийлсэн хүн. Энэ их эрч хүч, эерэг байдлыг хаанаас олж авдаг вэ. Эсвэл энэ зөвхөн цахим ертөнцөд бид нарт харуулдаг нэг баг уу. Дэлгэцний цаадах жинхэнэ Хулан ямар вэ?
-Цахим ертөнцийн дүр төрхийн тухай ярих нь их чухал шүү. Энэ чинь үнэхээр л нэг төрлийн баг шүү дээ. Цахим ертөнцөд бид олон хүний өмнө мэдээж унаж тусаж яваагүй, гуниглаж уурлаж байгаагаа ил харуулахгүй. Дандаа л сайхан хөөрхөн байгаагаа, эрч хүчтэй идэвхтэй байгаагаа харуулдаг. Үүнийг харин өсвөр насны хүүхдүүд хараад “Энэ хүн үргэлж л ийм төгс төгөлдөр байх юм.
Хорвоо дээр хэдхэн зуун төгс төгөлдөр минималист байснаас хэдэн арван мянган ширхэг төгс бус минималистууд байх нь дээр
Харин миний байгааг хар” гээд гутрах, өөрийгөө бусадтай харьцуулах вий гэж санаа зовдог. Ийм ч учраас бага багаар сошиал медиа хаягууд дээрээ будаггүй царайгаар гарах, ойлгохгүй чадахгүй байгаагаа илэрхийлэх, гунигтай ууртай байгаагаа харуулдаг. Хүн чинь үргэлжийн төгс филтертэй харагдах тусмаа бусдаас тасраад нэг тийм “хүршгүй” болчихдог юм билээ. Юм бичдэг хүний хувьд би “хүршгүй” байх ёсгүй. Харин хамгийн ойр дотны, эгэл жирийн байх хэрэгтэй.
-Та инстаграм хуудсаа идэвхтэй хөтөлдөг. Сүүлийн үед инстаграм инфлюенсер буюу сошиал медиа нөлөөлөгч гэх шинэ ойлголт бий болоод байна. Таны хувьд өөрийгөө инстаграм инфлюенсер гэж нэрлэх үү. Энэ талаарх таны бодол.
-Инфлюенсэр давалгааг би огт шинэ ойлголт гэж боддоггүй. Хүн төрөлхтөн угаас бие биенийхээ амьдралыг юу юунаас илүү сонирхдог л байсан шүү дээ. Тиймээс бид бусдын тухай кино үзэж, энгийн л амьдралын тухай зохиол уншиж, сүүлдээ телевиз нь хүртэл олон төрлийн реалити шоу бүтээх болсон. Тэгэхээр сошиал мэдиагаар дамжуулан бие биендээ амьдралаа хуваалцах нь натурал хэрэг байх. Би бол өөрийгөө тодорхой хэмжээнд нөлөөлдөг гэдгийг мэднэ. Тийм олон биш ч гэлээ, тодорхой хэмжээний хүмүүст миний үг үйлдэл нөлөөлж, тэд хариу үйлдэл ирүүлж байгаа нь илт мэдрэгддэг. Тийм учраас аль болох эерэг зүйлс түгээх юмсан гэж хичээдэг дээ.
-Таны хувьд минимал амьдралын хэв маяг, байгаль орчинд ээлтэй байхыг эрмэлздэг. Минималист амьдралын хэв маяг гэдэг нь таны бодлоор?
-Минималист байна гэдэг бол өөрт хэрэггүй зүйлсээс татгалзахын нэр гэж би ойлгодог. Шинэ гоё ганган зүйлс авмаар санагдвал “Би үүнийг зүгээр л хүсэж байна уу? Эсвэл энэ надад үнэхээр хэрэгтэй юу?” гэж өөрөөсөө асуудаг. Тэгээд хэрэгтэй бол авна. Хүсэж байсан бол зүгээр хэсэг гартаа бариад, дотроо авчихсан юм шигээр бодохоор тэр шунал аяндаа замхраад алга болдог. Гэхдээ би одоо ч бүрэн төгс минимал нэгэн болж чадаагүй л байна. Маш сахилга баттай, өөртөө үнэнч байхыг минимализм шаарддаг. Гэхдээ би хичээдэг. “Хорвоо дээр хэдхэн зуун төгс төгөлдөр минималист байснаас хэдэн арван мянган ширхэг төгс бус минималистууд байх нь дээр” гэдэг шүү дээ.
-Бид өөрсөддөө дэндүү хатуу ханддаг юм шиг санагддаг. Ялангуяа эмэгтэйчүүд өөрийнхөө биеийг гоочлох өөрөөсөө өө хайх зэргээр сэтгэл санааны дайралт хийдэг. Та өөртөө хэр хайртай вэ. Өөрийгөө хайрлах үзлийн талаар таны бодол?
-Үнэхээр өөртөө зуун хувь итгэлтэй, өөртөө хайртай, өөрөө өөрийгөө хэзээ ч муухай үгсээр утдаггүй хүн их ховор байх л даа. Яагаад ч юм ийм өөдгүй харьцуулалтын шугам дунд бид амьдардаг. Хорвоо дээр цор ганцхан хувь атлаа өөр хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулж, шилж голж явдаг. Би ч гэсэн өөрийгөө тэгэж их хайрлаж чаддаггүй. Би өөртөө хатуу атлаа бусдад их зөөлөн. Намайг гомдоосон, зовоосон нэгнийг орхиод явуулж чаддаггүй. Өөрийгөө хүндлэх сэтгэл муутай. Гэхдээ эдгээрийг мэдэх нь өөрчлөхийн эхлэл учраас хичээдэг. Ингээд байгаагаа ядаж мэдэж байх хэрэгтэй. Би нээрэн өөрийгөө шүүмжилж, толгой дотроо элдэв муу муухай бодлоор дүүргэхээ больсон шүү. Урьд нь бага сагахан юман дээр л “Хулаан, чи яаж чадав аа, чи ямар тэнэг юм бэ” гэдэг байсан бол одоо бол өөрөө өөрийгөө тэгэхээ больсон. Гэхдээ л өөрийгөө бүрэн хайрладаг болохын тулд надад сурах зүйлс их бий.
Амьдралын охь шимийг хүртэж яваарай.
-Та хэр дурламтгай вэ. Сүүлд хэзээ догдлох мэдрэмж авсан бэ?
-Би их сонирхомтгой. Амархан догдолж, хүн сонирхож, цааш нь илүү ихийг мэдэх хүсэлд автдаг. Гэхдээ яг дурлал болох процесс дээр ирэхээр сэтгэл хөдлөлөө буцаагаад татчихдаг юм. Тэгэхээр байнгын л догдолж, сонирхож шохоорхож, хүн хүнээс сайхныг нь харж явдаг. Ер нь яг тэр сонирхлын шатан дээрээ аль болох удаан үлдэх нь миний хувьд сэтгэлзүйн таашаалтай байдаг даа. Үүнээс хэтрээд дурлал болоод, хүлээлт үүсээд ирэхээр арай их өвдөлттэй юм шиг санагддаг. Их хувиа хичээсэн бодол байх л даа.
-Та энэ жилийн зорилго, төлөвлөгөө, хийж үзэх зүйлсийнхээ жагсаалтыг гаргасан уу? Коронавирусээс болоод олон хүний төлөвлөгөөнд өөрчлөлт орж байх шиг байна. Таны хувьд 2020 оны төлөвлөгөөнд хэрхэн өөрчлөлт оров?
-Нэгэнт дэлхий даяар ийм онц ноцтой нөхцөл байдалтай байгаа учраас өөрийнхөө сул зогссон байдлыг коронад тохоод гомдоллоод сууж болно л доо. Гэхдээ миний хувьд азаар онц их өөрчлөлт гараагүй. Шинэ номоо л дуусгана гэсэн зорилго анхнаасаа байсан, түүнтэйгээ л ноцолдож байна. Харин хэдэн аяллын төлөвлөгөө байсан маань нурсан нь жаахан харамсалтай. Гэхдээ дэлхий нийтээрээ хамтдаа гэртээ сууж байгаа юм чинь зүгээр дээ. Эрүүл энх байвал хэзээ ч аялаж болно.
-Залуу хүн үргэлж суралцаж байх хэрэгтэй. Сүүлийн үед шинээр сурахаар төлөвлөж байгаа зүйл юу байна вэ? Шинэ хэл ч юм уу?
-Одоогоор бие даан Франц хэл сурч байгаа. Бас йогоор хичээллэж үзэж байгаа. Ер нь дандаа л ямар нэгэн шинэ зүйл хийж үзэж байдаг. Энэ маань надад байдаг давуу тал, бусад хүнээс илүү их чөлөөт цагтай, эрх чөлөөтэй байгаагаа би сайн мэддэг, түүнийгээ ч үнэлдэг учраас ганц бие байгаа дээрээ амжуулаад их зүйлс сурч амжихыг хүсдэг.
Хорвоо дээр цор ганцхан хувь атлаа өөр хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулж, шилж голж явдаг.
-Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хүмүүс гэртээ ихэнх цагаа өнгөрөөж байна. Үүний улмаас мотивацигүй болох, сэтгэл гутралд орох, уур уцаартай болох магадлалтай. Энэ үеийг хэрхэн даван туулах вэ?
-Гадуур газруудын 00-д бичээтэй байдаг даа, “Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” гээд. Яг л түүн шиг нөхцөл байдал үүсээд байх шиг. Гэртээ байлаа гээд бид хийх ажилгүй, сурах хичээлгүй гэсэн үг биш шүү дээ. Хийх арга барил нь өөрчлөгдсөн болохоос биш бидний хийдэг зүйлс хэвээрээ байж л байгаа. Ер нь заавал ажил дээрээ бол захирлын нүдэнд ажил хийж харагддаг, хичээл сургууль дээр бол багшийн өмнө хичээл хийдэг тийм зангаа болих хэрэгтэй. Хариуцлага хэн нэгний нуруун дээр биш чиний өөрийн л нуруун дээр байгаа шүү дээ. Шалгуулах багшгүй боллоо гээд хичээлээ хийхгүй байгаа бол амьдрал дээр гарсан хойноо ч гэсэн тийм хариуцлагагүй хүн болно гэсэн үг. Гэртээ суугаад урам зориггүй болоод байвал өөрөө өөртөө ажлын жагсаалт гарга. Яг л ажилдаа явдаг шигээ өглөө есөөс эхлээд хийх ёстой зүйлсээ хий, өдөр цайны завсарлага ав, өдөрт заавал хийнэ гэснээ хийж дуусга. Гэртээ байлаа гээд гэр оронгүй хүн шиг болно гэдэг бол харамсалтай хэрэг.
-Бидний ярилцлага үүгээр өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авсанд баярлалаа.
-Амьдралын охь шимийг хүртэж яваарай. Бусдын болон нийгмийн хүлээлтэнд баригдалгүй хүссэн бүхнээ хийж, эрх чөлөөтэй амьдраарай.