Covid-19

Хүүхдэдээ стрессээ даван туулах аргад суралцахад туслаарай

Нийтэлсэн

Дэлхий дахинд 213 улсад covid-19 бүртгэгдэж, нийт 1.8 сая хүн энэ өвчнөөр өвчилж, 1.3 сая хүн эмнэлгийн тусламж үйлчилгээг авч байна. Манай улсад өнөөдрийн байдлаар нийт 1,678 хүн ажиглалтад байгаа бөгөөд коронавирусний зөөвөрлөгдсөн 17 халдвартай тохиолдол бүртгээд байгаа. Хорио цээрийн хугацааг 4 сарын 30 хүртэл сунгасан. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 9 сарын 01 хүртэл хойшлуулах талаар ч яригдаж байна. Цар тахлын хор уршиг, аюулын талаар бид өдөр бүр сонсож тэр хэрээрээ айдас түгшүүр, сэтгэл санааны сөрөг мэдрэмжинд автаж байгаа. Тэр дундаа хүүхэд, өсвөр үеийнхэн ойр дотны насанд хүрэгчид буюу эцэг эхээ ямар хариу үйлдэл гаргаж, хэрхэн сэтгэл зүйгээ удирдаж буйг харж даган дуурайх хандлагатай байдаг.

Тиймээс хорио цээрийн үед хүүхдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах талаар Focus on the Family Mongolia байгууллагын сэтгэл зүйч Н.Рэнжмаагын зөвлөгөөг хүргэж байна.

Эцэг эх нь ковид-19 тархалтын үед тавигдаж байгаа шаардлагуудаа сахин биелүүлж, тайван, итгэлтэй хандаж байвал энэ нь хүүхдийнхээ сэтгэл санаанд маш сайн дэмжлэг үзүүлж буй хэрэг юм.

Хүүхэд бүр стресст ижил хариу үзүүлдэггүй. Дараах нийтлэг өөрчлөлтүүд ажиглагддаг:

  • Бага насны хүүхдүүд хэт их уйлах, цочрох
  • Орондоо шээх зэрэг хөгжлийн өмнөх шат руугаа ухрах буюу нялхрах
  • Хэт их санаа зовох эсвэл гуниглах
  • Хооллох болон унтах хэмнэл алдагдах
  • Өсвөр насныхан огцом зан ааш, үйлдэл гаргах
  • Анхаарал төвлөрөхгүй байх
  • Өмнө нь таалагддаг байсан зүйлсээ хийх дургүй болох
  • Шалтгаангүйгээр толгой болон бие өвдөх
  • Тамхи, архи зэрэг мансууруулах бодис хэрэглэх гэх мэт.

 

Та хүүхдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд туслах дараах зүйлсийг хийх боломжтой. Үүнд:

  • Хүүхдүүдтэйгээ ковид-19 өвчний тархалтын талаар ярилцах цаг гаргаарай. Баттай эх сурвалжуудын баримттай мэдээлэлд үндэслэн хүүхдүүдийнхээ асуултанд хариулж, ойлгуулах
  • Өөрсдөө стрессээ хэрхэн даван туулж байгаа талаараа хуваалцаж, хүүхдүүддээ стрессээ даван туулах аргад суралцахад туслаарай.
    Мэдээллийн хэрэгслээр яригдаж байгаа мэдээ мэдээллийг хязгаарлах хэрэгтэй. Хүүхдүүд сонссон зүйлээ сайн ойлголгүй, буруу ташаа ойлгож хүлээн авч, түүнээсээ болж айдас түгшүүрт автаж болзошгүй.
  • Даваагаас Баасан гариг хүртэл унтах болон сэрэх цагийг тогтмол байлгах
  • Хичээл хийх, чөлөөт цаг, өдрийн хоол, дасгал хийх зэргээр цагийн хуваарьт оруулах, мэдээж таны гаргасан хуваарь хэт хатуу биш уян хатан байх хэрэгтэй. Хүүхдийнхээ нас насанд нь тохирсон хуваарь байх нь чухал гэдгийг санаарай.
  • Гэртээ дасгал хөдөлгөөн хийх, бүжиглэх зэргээр хөдөлгөөнтэй байх
  • Хөгжилтэй аргаар суралцах аргуудыг эрэлхийлээрэй. Жишээлбэл оньсого таах, үгийн сүлжээ бөглөх, зураг зурах, будах тоглоомуудаа тоолох, гэр бүлийн гишүүддээ захидал бичих, өдрийн тэмдэглэл бичих зэрэг байж болно.
  • Амрах, унтах, дасгал хийх, сайн хооллох зэргээр хүүхдүүддээ үлгэр дуурайлал нь болоорой. Мөн гараа тогтмол угаах, гэр орноо цэвэрлэж, ариутгах зэргийг тэд таныг харж суралцаж байгаа гэдгийг санах хэрэгтэй.
  • Найз нөхөд, гэр бүлийн гишүүдтэйгээ холбогдох, утсаар ярих, дүрсээ харан ярих зэргээр бусадтай харилцах боломжийг нь олгоорой.
  • Хүүхдээ үргэлжлүүлэн суралцахад нь туслах. Теле хичээлийг нь хийлгэж, даалгаврыг шалгаж, багштай нь холбогдох зэргээр та хүүхдүүддээ туслах боломжтой.
  • Суралцахад бэрхшээлтэй, ойлгохгүй, даалгавраа хийхэд хүндрэлтэй байвал мөн техник технологийн асуудал тулгарвал сургууль болон багш руу нь мэдэгдээрэй.
Exit mobile version