Дэлхий

Владимир Путин ялалтын баярын парадыг хойшлуулах шийдвэр гаргалаа

Нийтэлсэн

Цар тахлын аюулаас сэргийлэх үүднээс Дэлхийн Хоёрдугаар дайнд Нацист Германыг ялсны 75 жилийн ойн баярын парадыг хойшлуулах шийдвэр гаргаж байгаагаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зарлажээ.

Тавдугаар сарын 9-ний өдөр Орос орон даяар баярын олон арга хэмжээ, Москвагийн Улаан талбайд томоохон баярын парад зохион байгуулагдаж, дэлхийн улс орнуудын удирдагчид зочлон ирэх төлөвлөгөөтэй байв.

“Коронавирустэй холбоотой эрсдэл ялалтын баярыг тэмдэглэх боломжгүй болгож байна” гэж Оросын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн хуралд оролцохдоо Путин хэлсэн байна.

Тэрээр Улаан талбайн болон орон нутагт болох баярын парад жагсаалуудыг хойшлуулах үүргийг батлан хамгаалах яам, бүс нутгийн эрх баригч нарт өгчээ.

Ялалтын баярыг яг хэзээ тэмдэглэх товыг тогтоогоогүй ч энэ онд багтаана гэсэн баримжааг Путин өгсөн байна.

Дэлхийн Хоёрдугаар дайнд оролцож байсан амьд сэрүүн ахмад дайчид одоо 90-ээс дээш настай хүмүүс байгаа юм. Тэд Covid-19 өвчний эрсдэлтэй бүлэгт багтаж байгаа нь ялалтын баярыг хойшлуулах бас нэг шалтгаан болжээ.

Эх сурвалж: Russia Today

Exit mobile version