Улс төр

Эргүүлэн татаж болдоггүй Элчин сайд Р.Болд гэж хэн бэ?

Нийтэлсэн

Гадаад харилцааны яамнаас өчигдөр Стамбул, Анкара дахь бүх дипломатчийг дуудаж эргүүлэн татаж байгаагаа мэдэгдсэн байна. Хачирхалтай нь хариуцлага тооцож эргүүлэн татаж буй дипломатчдын дунд Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Р.Болдын нэр байсангүй.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар яагаад удаа дараа алдаа дутагдал гаргасан, ажилдаа хайнга хандсан Элчин сайдтайгаа хариуцлага тооцож чадахгүй байна вэ. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Та анхаарал хандуулах цаг болжээ. Учир нь Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт Элчин сайд Равдангийн Болдтой хариуцлага тооцох зориг, хүч алга. Эсвэл хүсэл алга.

  1. 2018 оны долдугаар сарын 27-нд өглөөний 09 цагийн үед “Улаанбаатар-Эмпати” турк сургуулийн захирал Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас үл таних хүмүүс хулгайлсан хэрэг гарсан билээ. Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд энэ тухай “Өнөөдөр” сонины наймдугаар сарын 31-ний дугаарт “Манай цагдаагийнхан Элчин сайдынх нь гэрт нэвтэрсэн асуудлаар Туркийн тал надаас тайлбар нэхсэн” гэх гарчигтай ярилцлага өгчээ. Тэрбээр Монгол, Туркийн харилцаа их сайн хөгжсөн, Туркээс юм авах боломж бидэнд бий ч Гюленийн сургуулиудыг Туркийн Засгийн газрын эрх мэдэлд шилжүүлэхгүй байгаа нь, мөн Истанбул-Улаанбаатарын чиглэлийн шууд нислэгтэй болохгүй байгаа нь хоёр орны харилцаанд саад болоод байгаа гэжээ. Хэрвээ шууд нислэгтэй болоод Гюлений сургуулиудыг хаачихвал Турк улсаас асар их хэмжээний юм авч болох юм гэсэн утгатай зүйлс ярьжээ. Монгол Улс бол хүмүүнлэг, энэрэнгүй Ардчилсан Улсыг төлөөлж очсон Элчин сайдын үг энэ мөн үү? Тухайн үед Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Элчин сайд Р.Болдыг эх орондоо дуудсан гэх мэдээ л сонинуудад нийтлэгдсэн боловч дипломат ёсыг огоорч ямар нэг хариуцлага тооцоогүй байдаг.
  2. 2019 оны зургадугаар сард Турк улсын Станбул хот дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, түүний жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг геройн буюу хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын хил дээр саатуулагдсан тухай мэдээлэгдсэн. Уг хэрэг гарснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрсний дараа гэсэн үг. Одоогоор тэд Германы шүүхэд мэдүүлэг өгч гэнэ, тагнуулын үүрэг гүйцэтгэж явсан гэнэ гэсэн мэдээллээс өөр тодорхой зүйл алга. Үүний мөрөөр юу хийсэн гээч? Гадаад харилцааны сайд нь Гадаадын улс оронд Цагдаагийн атташе томилж, тэр нь манай хоёр тагнуулын үүрэг гүйцэтгэж явжээ, туслалцаа үзүүлээч гэж ярьсан ичгүүрт явдал гарсан. Энэ талаар Германы хэвлэлүүдэд нийтлэгдсэн. Цаашилбал тагнуулынхан оролцжээ гэдгийг нотлох гэсэн мэдээллийг яг одоо Тагнуулын ерөнхий газрын эх сурвалж мэдээллийн сүлжээгээр тарааж байна. Зөвхөн Гадаад харилцааны яамны ажилтнуудбиш шүү гэж“арьсаа хамгаалахын тулд” Үндэсний эрх ашиг, Монгол Улсын нэр хүнд ингэж унаж байна, Ерөнхийлөгч өө!
  3. Хар тамхи зөөж байгаад баригдсан дипломатчдыг Германд шүүгдэх хугацаанд ТЕГ ар гэрийнхнийг нь хамгаалалтад авах ёстойг зарим эх сурвалж анхааруулах болов. Учир нь Германд хоёр тусдаа шоронд хоригдож буй тэд үнэнийг өчихөөс өөр гарцгүй. Европын холбооноос Туркийг онцгой анхааралдаа авсан боловч тус бүлэглэлийн зарим гишүүн Германд ч, Монголд ч, дэлхийн хаана ч байж болзошгүй тул Монголын дипломатчдыг шүүхэд мэдүүлгээ өгмөгц ар гэрийнхэнд нь аюул учруулж болзошгүй гэж тэд тайлбарлаж байна. Монголын тагнуул иргэнээ, иргэнийхээ ар гэрийг болзошгүй аюулаас хамаалах үүрэгтэй. Тухайн иргэн юу хийсэн, хэн байхаас үл шалтгаалаад шүү. Хамгийн ноцтой нь Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайд Р.Болд хар тамхи наймаалцсан хэрэгт хяналт тавих байтугай эл хэргийн дараа гэр бүлийнхнийг нь Туркийн газар нутгаас “хөөсөн” байгаа юм. Гэмт хэрэгт холбогдсон ч Монгол Улсын иргэд шүү дээ, ГХЯ-ныхаан! Элчин сайдын “санаачилгаар”, ГХЯ-ныханд “хөөгдсөн” тэр гэр бүл хар тамхины бүлэглэлийнхний гарт амиа алдсан бол Р.Болд хариуцах уу. Тагнуулын ерөнхий газрын дарга ийм эрсдлийг тооцож мэдэхгүй гэж үү?
  4. Өнөөдөр Монгол Улсын 5000 гаруй иргэн Турк улсад ажиллаж амьдарч байна. Тус улсад 2020 оны 3 дугаар сарын 11-нд коронавирусийн эхний тохиолдол илэрснээс хойш үе шаттай олон арга хэмжээ, хатуу хоригт орж маш хүнд байдалд аж төрж байгаа талаар Турк улсад ажиллаж амьдарч байгаа иргэдээ төлөөлж “Турк улс дахь монгол ахан дүүс” ТББ-ын тэргүүн Баасанжавын Мөнхмаа телевизээр ярихыг сонслоо. Өнөөдөр тэнд халдвар авсан хүний тоо нь 60 гаруй мянгад хүрч ихэвчлэн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажилладаг иргэд маань туйлдаж байна. Тэнд ажиллаж амьдарч байгаа иргэдийн 90-ээд хувь нь хараар буюу хууль бусаар амьдардаг талаар тэрбээр ярьсан. Гэсэн ч Монгол Улсын л иргэд. Дэглэмийг зөрчих иргэдийн мөргөлдөөн, амны хаалтын дутагдлаас эхлээд төр засгаа гэх иргэд ЭСЯ-д л ханддаг боловч манай улсын Турк дэх Элчин бараг ажил дээрээ бараг байдаггүй. Тиймээс тус холбоо руу ихэвчлэн хандаж тулгамдсан асуудлаа тавьдаг аж. Одоогоор маш яаралтайгаар эх орондоо ирэхээр УОК-т хандан тусгай нислэг хүссэн иргэний тоо 500-д хүрээд байна. Үлдсэн хэсэг нь өндөр төлбөртэй нислэгээр ирэх боломжгүй учир тусгаарлах байрны төлбөр төлөх чадамжгүй учраас дэглэмээ сахиад энэ цаг хугацааг эндээ даван туулъя гэцгээж байгаа ч ажилгүй, орлогогүй, хэрэглээгээ залгуулж чадахгүйд хүрээд байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, төр засагаасаа /Үүнд тэнд суугаа Элчин сайд хамгийн чухал биш гэж үү/ дэмжлэг туслалцаа хүсч байгааг нүдээр үзэж чихээр сонслоо. Истанбул дахь Ерөнхий консулын газар, дээрх ТББ, тус улс дахь Монгол Оюутны холбоо нар нэгдэж гурвалсан Ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа гэнэ. Өөр эх сурвалжууд, нэрээ хэлэхийг хүсээгүй тэнд байгаа оршин суугчидтай холбогдоход “Элчин сайд гадаадад яваа л гэдэг”, “Элчин сайд байдаг юм уу, хугацаа нь дуусаад буцсан байх” гэцгээж байна. Ийм Элч төлөөлөгч Турк улсад байгаа 5000 гаруй иргэний төлөө ажиллаж чадах уу? Яаралтай эх орондоо ирэхийг хүсч байгаа 500 хүнээ ирүүлж чадах уу? Элчин сайд хүн ТББ-аас дор ажиллаж болдог юм уу? Тэд Турк дэх иргэдээ онцгойлон харж үзээрэй. Тодорхойгүй хугацаагаар хорионд орж, Европын бусад орноос нэлээн өөр нөхцөлд хүнд байдалд ороод байна шүү, санхүүгийн тусламж үзүүлээрэй гэж гуйж байна. Элчин сайд, Гадаад харилцааны сайд биш бол Төрийн тэргүүн Та анхаарал хандуулна уу!
  5. БХБ-ын сайдын 2018 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн “Эрх бүхий баталгаа” гаргах тухай 418 тоот тушаал энд байна. Үүнд “2018 оны тавдугаар сарын 5-ны өдрийн №2018080303 дугаартай Чингэлтэй дүүрэг болон Монголын Үндэсний хүмүүнлэгийн хороо ба “Ган Инвест” ХХК-тай байгуулсан санамж бичиг, 2018 оны тавдугаар сарын 5-ны өдрийн №2018050312 дугаартай Баянгол дүүрэг болон Монголын Үндэсний хүмүүнлэгийн хороо ба “Ган Инвест” ХХК-тай байгуулсан санамж бичиг гэсэн хоёр санамж бичгийг үндэслээд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Барилга, хот байгуулалтын яам нь энэхүү баталгааг цуцлагдах болон 3 дахь биеддамжигдах нөхцөлгүйгээр доорх гарын үсгээр баталгаажуулж байна гэсэн байдаг. Ингээд юу ч мэдэлгүйгээр Засгийн газар, түүнийг төлөөлж Барилга, хот байгуулалтын сайд 720 сая еврогийн баталгааг хэн ч мэдэхгүй шахам компанид гаргаад өгчих нь тэр. Бүр дараагийн Засгийн газарт шилжүүлэхгүйгээр, сохор зоосны татваргүйгээр шүү! Ийм амархан гэж үү! Засгийн газар, ялангуяа Монгол Улсаас Турк улсад суугаа, тэр тусмаа Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Р.Болд яагаад чимээгүй байна вэ? Энэ талаар миний бие хууль хяналтын байгууллагад бичгээр мэдэгдээд дуудсан үед нь гэрчийн мэдүүлэг өгсөн.

                           Эргүүлэн татаж болдоггүй Элчин сайд Р.Болд гэж хэн бэ?

Хурандаа генерал С.Равдангийн хүүхдүүд Р.Онон, Р.Батаа, Р.Лутаа, Р.Оюун, Р.Болд нар юм. ҮАБЗ-ийн анхдугаар хуралдаан 1992 оны найдугаар сарын 8-нд болж үүгээр ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар Р.Батааг томилж байв. Үүнээс хойш таван жилийн дараа буюу 1997 онд түүний дүү Р.Болдыг уг ажилд томилсон байдаг. Өөрөөр хэлбэл төрсөн ах дүү хоёр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди нарын үед Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан ховор сайхан тохиолдол яах аргагүй мөн.

Сонирхолтой нь “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалан “Жаст” группийн Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авсан хэрэг, “Анод”, “Зоос”, “Хадгаламж” банкны байдал муудаж БЭТ томилогдох тэр үед ТЕГ-ын даргаар 2007-2012 онд ажилласан Р.Болд хэр хяналт тавьж ажиллав. Хангалттай ажиллаж чадсан уу гэдгийг ч шалгах шаардлагатай. Өөрөөр хэлбэл тухайн цаг үед гэмт үйлдлийг яагаад төрийн сонор соргог хараанаас гадуур үлдээв, яагаад эрх мэдэл нь байсаар байтал хяналт тавиагүй вэ гэдгээр хариуцлага асууж чаддаг улс оронд бол заавал асуух ёстой хүмүүс бол Тагнуулын байгууллага болон дипломат албанд он удаан жил ажилласан С.Баяр, Р.Болд нар яах аргагүй мөн. Тиймээс С.Баярыг Элчин сайдаас нь эргүүлэн татаж мэдүүлэг авсан шиг Р.Болдыг  дипломат эрх ямбанаас нь татгалзуулж дуудаж шалгах ёстой. Сэжигтний хувиар биш тухайн цаг үед хяналт тавих ёстой албан тушаал хашиж байсан учраас, бас нэгнээ таньдагийн хувиар ямар хэлхээ холбоотой байсныг яагаад асууж болохгүй гэж. Ер нь улс орноос “илгээлт” авч бусад улс оронд тусгай эрх ямба эдлэхэд хамгийн их шунаж байгаа хүмүүсийг хамгийн сайн шалгах ёстой. Улс орны нэр хүндийг ч бодсон, олон жилийн туршлагаас харахад тагнуулын дарга байсан хүнээс хүлээн авч буй орныхон жийрхээд байдгийг ч мэдэрч Тагнуулын даргаа Элчин сайдаар явуулахаа цэгцлэх нь зүйтэй болов уу. Р.Болд “Жаст” группийн захирал Ш.Батхүүтэй холбоотой байсан уу, түүний “Стандарт” банкнаас хуурамч гарын үсгээр зээл авсан эсэхтэй холбоотой байсан эсэх, Эрдэнэт үйлдвэрээс зэсийн баямалын зуучлалын бизнес эрхэлж байсан уу? Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан “Монголын зэс”-ийнхний худалдан авалт шударга байв уу, хаанаас тэр их хэмжээний хөрөнгийг,ямар замаар босгов гэх зэргийг тухайн үеийн ТЕГ-ын даргаар ажиллаж байсных нь хувьд дуудаж асуух ёстой. Хэрэв энэ талаар хяналт тавьж чадалгүй хамтарсан үйлдвэрийг их хэмжээний хохирол амсахад хүргэсэн бол тэр ч мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хамт хариуцлага хүлээх ёстой.

Бас нэг сонирхолтой баримт гэвэл 2011 оны арваннэгдүгээр сарын 16-нд Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Ж.Наполитаногийн урилгаар Бүгд Найрамдах Итали Улсад, Бүгд Найрамдах Хорват Улсын Ерөнхийлөгч Иво Йосоповичийн урилгаар Бүгд Найрамдах Хорват Улсад албан ёсны айлчлал хийхээр мордсон. Айлчлалын бүрэлдэхүүнд албан мэдээнд дурдсанчлан тухайн үеийн Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай болон УИХ-ын зарим гишүүн, албаны бусад хүн, түүнчлэн  бизнесийн 30 орчим төлөөлөгчөөс гадна С.Баяр хамт явсан байдаг. Ингэж яваад ирэхдээ л Тагнуулын ерөнхий газрын даргаар С.Баярын санал болгосон Р.Болдыг АТГ-ын даргаар томилох санал оруулж билээ. Хэрэв Р.Болд АТГ-ын дарга болбол Н.Ганболд тус гарын дэд дарга болохоор яригдаж байж. Хэдийгээр энэ таамаг “гэрэлд цохиулсны улмаас” зөрсөн боловч үүнээс дөрвөн жилийн өмнө Р.Болд мөн л Н.Ганболдыг “түлхэж” ТЕГ-ын дарга болсон түүхийг айхтар тод сануулж билээ. Эндээс С.Баяр Р.Болдод албан тушаал “зэхэж” давхиад байдаг нь багын анд гэдгээс илүү Р.Батаагийн дүү гэдгээс болдог юм биш биз гэсэн эргэлзээг төрүүлдэг юм. Тиймээс одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч эрх мэдэлдээ эзэн болж “өөрийн гэсэн” ТЕГ-ын даргаа томилж чадахгүй С.Баярын “өвлүүлсэн” ТЕГ-ын даргатай хүчээр хамтрах болсноороо битүүхэн зовиуртай байдаг болов уу.

У.Оргилмаа /baabar.mn/

Exit mobile version