Covid-19

Б.Янжмаа: Япон улс үндэсний хэмжээнд онц байдал зарласан бөгөөд хөл хориогоо цуцлахгүй гэж мэдэгджээ

Нийтэлсэн

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнууд COVID-19 халдварын эсрэг ямар арга хэмжээ авч буй талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Европын зарим улсад хязгаарлалтын арга хэмжээг цуцлах, хөл хориог сулруулж эхлэх шийдвэр гаргаж эхэлсэнтэй холбоотойгоор ДЭМБ-ын Европын бүсийн захирал улс орнуудад хамтын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах талаар уриалжээ.

Тус бүсэд халдварын тархалт хамгийн өндөртэй байсан Итали, Испани, Франц зэрэг улсуудад тархалтын хурд эрчим саарч байгаа ч Европ тивийн хэмжээнд халдварын тохиолдол сүүлийн 10 хоногт хоёр дахин нэмэгдсэн болохыг бүсийн захирал анхааруулсан байна.

Тус тивд хөл хорионы арга хэмжээгээ сунгаж байгаа улс, орнууд ч нэлээд олон байгаа.

Тухайлбал, Их Британи улс хөл хорионыхоо хугацааг дахин гурван долоо хоногийн хугацаагаар сунгажээ.

Хөл хориог одоо цуцалбал халдварын хоёр дахь давлагаа үүсэх эрсдэл бий болж, өнөөдрийг хүртэл авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнгүй болох тул хөл хориог ийнхүү нээхээр болсон байна.

Түүнчлэн Польш улс хилээ хаасан шийдвэрээ тавдугаар сарын 23-н хүртэл сунгаж байгаагаа мэдэгдсэн.

Франц улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 753 хүн нас барсан байна. Хэдийгээр эмнэлэгт шинээр хэвтэх болон эрчимт эмчилгээнд хэвтэж байгаа хүмүүсийн тоо бага зэрэг буурч байгаа ч нас баралт өндөр хэвээр байгаа.

Тиймээс тус улс хөл хорионы шийдвэрээ сунгасан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Турк улсад халдвар эрчимтэй нэмэгдсээр байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 125 хүн нас барж, шинэ халдвар олноор бүртгэгджээ.

Тус улсад одоогийн байдлаар нийт 74 мянга гаруй хүн халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдоод байна.

АНУ-ын Нью-Йорк мужийн захирагч муж улсын хэмжээнд тогтоосон хөл хориогоо тавдугаар сарын 15-н хүртэл сунгасан аж.

Өчигдөр тус муж улсад дахин 606 хүн халдварын улмаас нас барсан бөгөөд халдварын тархалт болон нас баралтын тоог цаашид улам бууруулахаас нааш хөл хориог цуцлах боломжгүй хэмээн мужийн захирагч мэдэгджээ.

Мөн Япон улсад хөл хориог үндэсний хэмжээнд онц байдал зарласан. Өмнө нь халдварын тархалт өндөр байсан хотуудад л онц байдал зарласан байсан бол одоо ийнхүү үндэсний хэмжээг болгон зарлажээ.

Түүнчлэн энэ хүрээнд иргэдийг гадагш гаргахгүй байх тал дээр эрчимтэй арга хэмжээ авахыг уриалсан бөгөөд хүн хоорондын харилцааг 70-80 хувиар бууруулж халдварын тархалтыг хумихаас нааш хөл хориог цуцлахгүй хэмээн ерөнхий сайд Абэ Шинзо мэдэгдсэн байна” гэлээ.

Exit mobile version