Эдийн засаг
ХӨСҮТ-ийн эмч нар 4 сая 500 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байна
Сүүлийн үед голомтод ажиллаж байгаа ажилчдын нэмэгдэл цалин олгогдохгүй байна гэх яриа гарах болсон. Энэ асуудлаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тайлбар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай эмч, ажилчид илүү цагийн мөнгө дээр гомдол гаргаагүй. Энэ асуудал яагаад яригдах болсныг би сайн ойлгохгүй байна. Бид дүрэм журмын дагуу л цалингаа өгч байгаа.
Тодруулбал, өмнө нь 1.6 сая төгрөгийн цалин авдаг байсан эмч дайчлагдан ажиллахдаа илүү цагийн хөлс, үндсэн цалинтайгаа нийлээд 4.5 сая төгрөгийн цалин авч байна. Сувилагч нар хоёр дахин илүү цалин авч байгаа. Үүнийг санхүү хариуцсан алба нарийн тооцоолж буй.
Өмнө нь буюу 2009 онд H1N1 халдвар гарахад манай ажилчдын илүү цагийн мөнгө тогтсон цагтаа ингэж орж байгаагүй.
Харин энэ удаа цаг тухайд нь мөнгө нь орж ирээд, ямар ч өөр шалтгаан, өгүүлэлгүйгээр цалинг өгөөд явж байгаа учраас дутуу авсан хүн байгаа тухай надад сонсогдоогүй. Зарим хүн бусад хүмүүсийн өмнөөс хоосон яриа гаргадаг. Би мэдээж хүмүүсээ дуудаж, цалин хөлс нь орсон эсэхийг асууж байгаа шүү дээ.
Тэр байтугай Голомтоос 100 сая төгрөг өгөхөд бүгдэд нь хувааж өгсөн. Бид хандивын мөнгийг зөвхөн тусгай тасагт ажиллаж байгаа хүмүүст өгнө гэхгүйгээр ХӨСҮТ-ийн 800 ажилтанд тэнцүү хуваан өгч, бүгд л хуваах зарчмаар явж байгаа.
Сүүлд Франц иргэний компаниас 100 сая төгрөг өгөхөд ч бүгдэд нь тэгш хуваасан. Бидний энэ бүгдэд нь хувааж өгч байгаа байдал шударга гэж бодож байна. Иймэрхүү зүйлд нарийн танилцуулга ч хийж болно.
Ийм үед иймэрхүү гомдол гаргах нь аюултай. Тиймээс хүний өмнөөс тийм зүйл ярьж, биднийг сэвтүүлэхээ болих хэрэгтэй.
Үнэхээр манайхан дотроосоо тэгсэн бол ирээд надтай уулзчихна. Тэд надад биш гэхэд өөрийнхөө хариуцсан хүндээ энэ талаар дуулгачих чадалтай хүмүүс. Энэ хоосон яриаг хэрвээ дэвэргэвэл зохион байгуулалт алдагдана.” гэв.