Улс төр

Ж.Энхбаяр: Засгийн газрын онцгой эрх мэдлийг өргөтгөсөн хуулийн төсөл болсон

Нийтэлсэн

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай дөрвөн бүлэг 19 зүйлтэй хуулийн төслийг өргөн барьсан талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд Ж.Энхбаяр болон Х.Нямбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

УИХ тус хуулийн дагуу цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хуулийн төсөл болон УИХ-ын тогтоолыг дараалал харгалзахгүй авч хэлэлцэх эрхийг эдэлж байгаа аж. Түүнчлэн Засгийн газар батлагдсан төсвийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлын зүйлийг өөр хооронд нь шилжүүлэх замаар тодорхой төсвийн зохицуулалт хийх эрхийг мөн Засгийн газарт олгож байна.

Мөн сонгуулийн хууль тогтоомжоос бусад нийтээр цугларахаар заасан бүх харилцаануудыг энэ хуулиар хориглож өгсөн гэдгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар онцоллоо. Ингэснээр сонгуулийн хуулийн дагуу нийтээр цуглаж санал өгөх хэлбэр нь хэвээр хадгалагдаж үлдэх юм.

Түүнчлэн тус хуульд цар тахлын үед албан үүргээ гүйцэтгэж буй эрүүл мэндийн салбарын албан хаагчид, төрийн тусгай хамгаалалтын албан хаагчдын нийгмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг тодорхой байгууллагуудад чиг өгсөн. Цар тахалтай холбоотой иргэдийн зүгээс өгсөн хандив, цар тахлын үед иргэдийн эрх үүрэг зэрэг олон зүйл заалтыг оруулж өгчээ.

Тус хууль нь коронавирусийн цар тахал намжтал үйлчлэх бөгөөд тус хуулийн гол зорилго нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэн аж ахуйн эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах зохион байгуулах асуудлыг Засгийн газарт онцгой журмаар эрх олгохтой холбоотой харилцааг зохицуулна. Хууль нь Засгийн газрын эрх үүрэг, төсөв мөнгө, эрх мэдэл, хүн ард, аж ахуйн нэгж, хүлээх үүрэг, хариуцлагыг хамарсан өргөн цар хүрээтэй болсон. Уг хууль Засгийн газрын онцгой болон санхүүгийн эрх мэдлийг өргөтгөж өгч байна гэж хэмээн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хэллээ.

Хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцэх юм. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хууль нь нэг удаагийнх бөгөөд батлагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр үйлчилж эхлэх бөгөөд ДЭМБ-аас дэлхий дахин цар тахлын аюулаас ангижирч чадлаа хэмээн мэдэгдэх хүртэл үйлчлэх аж.

Exit mobile version