Энтертайнмент

Аваргуудын лигийн финал наймдугаар сард болох магадлалтай байна

Нийтэлсэн

Европын хөл бөмбөгийн холбоо (UEFA) Аваргуудын лигийн 2019-2020 оны улирлын финалын тоглолтыг наймдугаар сарын 29-нд хийх төлөвлөгөөтэй байна. Холбооны удирдах зөвлөл энэ сарын 23-нд хуралдах бөгөөд коронавирусийн улмаас тасалдсан улирлын тоглолтуудыг хэрхэн үргэлжлүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцах юм.

UEFA-ийн зөвшөөрөлтэйгөөр лигүүдийг эрт дуусгаж магадгүй. Хэрэв бүх зүйл санаснаар болбол Аваргуудын лигийн финалын тоглолт наймдугаар сарын 29-нд Туркийн Истанбул хотноо болох ба Европа лигийн финал үүнээс гурван өдрийн өмнө Польшийн Гданск хотод болох юм.

Уг төлөвлөгөөгөөр Аваргуудын лигийн шөвгийн 8 болон шөвгийн дөрвийн тоглолтууд энгийн дүрмээр долоо, наймдугаар саруудад болно. Эс бөгөөс багуудын хооронд нэг тоглолт явуулж, тэмцээнийг цомхон байдлаар дуусгах аж.  Харин Европа лигийн хувьд илүү төвөгтэй байгаа ба харьцангуй олон тоглолт дутуу үлдээд буй юм.

Одоогийн байдлаар Турк улсад коронавируст халдвар эрчимтэй дэгдэж байгаа бөгөөд 74’193 хүнээс халдвар илэрч 1643 хүн нас бараад байна. Харин Польш улсад 7918 хүнээс халдвар илэрснээс 314 нь нас барсан юм.

Exit mobile version