Дэлхий

ОХУ-д халдварын 6,000 гаруй тохиолдол нэмэгдэж, хамгийн олон тохиолдолтой дэлхийн 10 улсын нэг боллоо

Нийтэлсэн

Шинэ коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 2.38 сая хүрч, нас барсан хүний тоо 165,000-ыг давлаа.

Үүнээс Европын орнуудад нас барсан хүний тоо нийтдээ 100,000-ыг давсан бол АНУ-д дөрөвний нэг орчим нь буюу 41,000 оногдож байна.

АНУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдол 755,000 хүрсэн нь мөн дэлхийд хамгийн муу үзүүлэлт болжээ.

Ням гарагт ОХУ-д халдварын 6,060 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тахал дэгдсэн цагаас хойш нэг өдөрт илэрсэн хамгийн их тоо болсон байна.

Тус улсад өчигдрийн байдлаар нийтдээ 42,853 хүн халдвар авч, 361 хүн нас баржээ. Халдварын батлагдсан тоогоор дэлхийд тэргүүлж буй арван орны нэг нь ОХУ болж байна. Үнэн алдартны шашны Улаан өндөгний баярыг тохиолдуулан телевизээр үг хэлэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Нөхцөл байдал бүрэн хяналтад байгаа. Нийтийн дайсны эсрэг манай улс орон нэгдэж чадлаа” гэж мэдэгдсэн байна.

Ням гарагийн байдлаар АНУ, ОХУ-аас гадна Япон, Турк, Сингапур улсуудад коронавирусийн тархалт нэмэгдэж, Хятад, Өмнөд Солонгост үргэлжлэн буурчээ.

Тухайлбал Сингапурт өчигдөр 596 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тоо нь 6,588 хүрсэн байна. Энэ үзүүлэлтээрээ Сингапур улс Индонезийг гүйцэж, Зүүн Өмнөд Азид хамгийн олон тохиолдол бүртгэсэн улс болжээ.

Тус улсын тохиолдлуудын дийлэнх нь цагаач ажилчдын дунд илэрсэн бол ердөө 25 нь Сингапурын иргэд байсан юм.

Япон улсад өчигдөр 568 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тоо нь 10,361 хүрсэн байна. Үүнээс гадна “Diamond Princess” аяллын хөлгөөс илэрсэн тохиолдлуудыг нэмбэл 11,073 хүрэх юм.

Япон улсад илэрсэн тохиолдлын тоо бусад орнуудтай харьцуулахад бага байгаа ч оношилгоо цөөн тоотой хийгдэж буй тул бодит тоо өндөр байх магадлалтай байна.

Өчигдөр Хятад улсад 16 шинэ халдварын тохиолдол бүртгэгдсэн нь гуравдугаар сарын 13-ны өдрөөс хойш нэг өдөрт илэрсэн хамгийн цөөн тохиолдол болжээ.

Эдгээрээс 9 нь гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Хятадад өчигдөр шинж тэмдэггүй 44 тохиолдол бүртгэгдэж, ганц ч өвчтөн нас бараагүй өнгөрчээ.

Ням гарагт Өмнөд Солонгос ердөө найман халдварын тохиолдол шинээр бүртгэсэн нь сүүлийн хоёр сар орчим хугацаанд анх удаа нэг оронтой тоонд хүрсэн хэрэг юм.

Одоо тус улсын халдварын батлагдсан тохиолдол 10,661, нас барсан хүний тоо 234 болоод байна.

Өмнөд Солонгосын засгийн газар хорио цээрийн дэглэмээ тавдугаар сарын 5 хүртэл үргэлжлүүлсний дараа зарим хэсгийг нь цуцлах төлөвлөгөөтэй байгаагаа зарлажээ.

Өчигдөр Турк улсад батлагдсан халдварын тохиолдол 86,300 хүрснээр Ираныг гүйцэж, Ойрх Дорнодын бүс нутагт хамгийн муу үзүүлэлт боллоо. Үүнээс гадна халдварын батлагдсан тоо нь Хятадын тоог гүйцэж, Туркийг Европ, АНУ-аас гадна хамгийн олон тохиолдолтой улс болгожээ.

Туркийн дотоод хэргийн яам тус улсын 31 хотод тогтоосон хорио цээрийн дэглэмийг Бямба гарагийн шөнө дундаас эхлэн 15 хоног сунгахаар болсныг мэдэгдсэн байна.

Сүүлийн байдлаар батлагдсан халдварын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа 10 улсын тоо баримтууд:

Exit mobile version