Энтертайнмент
Хөл хорионд орсон эр амьтдад зориулсан ресторан нээжээ
Удаан хугацаанд хөл хорионд орсон хүмүүс уйдаагаа маш олон янзаар гаргаж байна. Зарим нь онлайнаар хундага тулгаж байхад зарим нэг нь будаа тоолж байх жишээтэй. Бүр зарим нь тагтан дээрээ гүйж, холын марафон тэмцээний дээд амжилт эвдэж байгаа сурагтай. Гэтэл зарим нэг нь буйдан дээрээ өдрийг өнгөрүүлж байна. Харин АНУ-ын Детройт хотын оршин суугч Жэймс Врийланд хэмээх эр хорио цээрийн дэглэмийг буйдан дээрээ хэвтэж, зурагт үзэж өнгөрөөхийг хүсээгүй бололтой. Тэрбээр гэрийнхээ арын цэцэрлэгт хэрэм шувуу зэрэг бяцхан хөршүүддээ зориулж мини ресторан байгуулжээ. Түүний бяцхан төсөл цахим сүлжээнд алдаршчээ.
“Maison du Noix” хэмээх нэртэй ресторанаар Жэймсийн гэрийн ойролцоо амьдардаг хэрэмнүүд, шувууд ирж үйлчлүүлдэг бөгөөд Жэймсийн ресторан дөрвөн төрлийн хоолоор үйлчилдэг байна.
Жэймс өдөр бүр газрын самар, холимог үр, хатсан талх, пиццаны зах, хатаасан алим зэргийг жижиг саванд хийж тавьдаг ба бяцхан зочдоо цонхныхоо цаанаас ажиглан суух нь түүнд үнэхээр хөгжилтэй байдаг талаар ярьжээ. Мөн тэрбээр өөрийн фэйсбүүк дээр рестораныхаа үйл ажиллагааг лайв буюу шууд дамжуулалтаар хүргэж, амьтад түүний бэлдсэн зүйлсийг хэрхэн амтархан идэж байгааг харуулсан нь маш олон хүнд хүрсэн байна.